ТА АМЬДРАЛД БУСДААР ХАЙРЛУУЛЖ, БУСДЫГ ХАЙРЛАХ ГЭЖ ИРСЭН ХҮН ЮМ БАЙНА

2024 оны 4-р сарын 24 өдөр

Театрын улаан хөшиг нээгдэхэд эгнэн зогссон сурагчийн дүрэмт хувцастай хүүхдүүд цоглог
хоолойгоор “Дорнодын хүүхдүүд” дууг дуулна.
...Хээрийн салхиар даахиан илбүүлж
Зээрийн янзагатай ижил торнисон
Дуулим талынхаа элгэнд эрхэлсэн
Дураар цэнгэлтэй үрсээ бид нар
Бид Дорнод талын хүүхдүүд
Бид домогт нутгийн эзэд ээ... өөрийн гэсэн сүлд дуутай Дорнодын хүүхдүүд азтай.
Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Болдын
Мөнгөнтуул гэж Дорнодын яруу найргийн чамин шигтгээ болсон бүсгүй бий. Түүний “Гэгээлэг Дорнод”
нэртэй уран бүтээлийн цэнгүүн аймгийн Хөгжимт драмын театерт хайр, хүндлэл дунд болж өндөрлөв.
Замбуулин гэгээн тайтгаралд алгуурхан автаад
Залуу хосууд хөтлөлцөн гудамжаар зугаалаад
Зулзаган монос навч цэцгээн дэлгээд
Зуурдынх ч гэлээ орчлон ялдамхан мишээгээд
Энд хавар болж байна, ээжээ
Хэрлэнгийн долгионд саран дүрсээ тольдоод
Хан Уулын хормойгоор адуу үүрсэн давхилдаад
Аймгийн төвөөр төмөр хүлгүүд хурдлаад
Анд нөхөд цаанаа л дотнохон инээмсэглээд
Энд хавар болж байна, ээжээ
Дуу хадаан ертөнцөд ирэгсдийг угтаад
Дуугүйхэн эндээс мордогсдыг үдээд
Дуулж нэг, уйлж нэг сэтгэлээн аргадаад
Дутуу юмгүйгээр амьдрал үргэлжлээд
Энд хавар болж байна, ээжээ
Наран ээж шаргалтан мандаж, жаргаад
Насны тоог нэгээр чимээгүйхэн нэмээд
Нартын доорх хүмүүн заяандаа олзуурхаад
Наргиж нэг гуньж нэг хүмүүс үзээд
Энд хавар болж байна, ээжээ
Харин наран саран нь хэзээ жаргаж, манддагийг мэдэхгүй юм аа
Наана чинь ямархан хавар болно вэ, ээжээ
Насаараа таныгаа сэтгэлдээ мөнхөлсөн охиноо марталгүй
Надад хаяглаж хариу захидал зүүдэнд минь илгээгээрэй, ээжээ
Б.Мөнгөнтуулын ээж 70 хүртлээ аймгийн ЗДТГ-т бичиг хэрэг, нярвын ажил хийсэн гэдэг. Охин нь
ээжийнхээ олон жил ажилласан энэ байгууллагад Хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа
хаврын нэг налгар өдөр ажлын өрөөнийхөө цонхны хажууд ургасан монос модыг харж суугаад “Энд
хавар болж байна, ээжээ” шүлгээ тэрлэсэн юм гэнэ билээ. Хаврын хавартаа эрхгүй санагдах ижийгээ
санан дурсаж бичсэн шүлгээрээ уран бүтээлийн тоглолтоо эхлүүлж, араас нь “Ижий минь тэрлэг”
шүлгээ охин Т.Ундралтайгаа хоршин уншлаа.

Хэдэн жилийн өмнө Б.Мөнгөнтуултай ярилцлага хийхэд “Ижийгээ санахаар хүрэн дээлээ өмсөөд
уулан саатай алчуураа зангидаад галаа өрдөн суугаа нь нүдэнд харагддаг” гэж байсан. Тэр л сэтгэлийн
тод зургаас “Ижий минь тэрлэг” шүлэг мэндэлсэн биз ээ. уу. Энэ шүлгийг сонсохоор 18-тай жаахан охин
авдрынхаа дэргэд зогсоод, ээжийнхээ дээлийг өмсөж толинд харж байгаа нь нүдэнд харагддаг юм. Яруу
найраг бол сонсох уран зураг гэдэг. Энэ үг яг л энэ шүлгэнд зориулагдсан шиг санагдана. “Ижий минь
тэрлэг” шүлгээ тэр 26 жилийн өмнө буюу 1998 онд бичсэн юм билээ. Б.Мөнгөнтуул оюутан болж
Улаанбаатар хотыг зорихдоо ижийнхээ хүрэн тэрлэгийг цүнхлээд явж л дээ. Тэгээд л
“Ижийгээн би хэтэрхий их санахаараа
Эрээн авдраа үе үехэн уудалдаг
Эвхэж эвхэж нандигнан баадагнасан
Эгэлхэн даруухан тэрлэгийг нь өмсөж нэг үздэг”
Амьдрал баян гэхэд багадана. Амьдрал үнэхээр агуу баян. Б.Мөнгөнтуулын аав, ээж 70 хэвийх
насандаа охиныг үрчилж авчээ. Үргэлж охин дүү нэхдэг ганц хүүтэй хоёр буурал “дүү”-г нь авахаар айл
руу явахад “Хөөрхөн л бол аваарай” гэж хэлсэн гэдэг. Тэр айлд яваад ортол дүрлийсэн том нүдтэй,
буржгар үстэй, майгадуухан хөлтэй жаахан охин гаднаас чулуу түүгээд өргөж авах гэж байгаа ээжийнхээ
өвөр дээр авчирч асгаад байсан гэнэ лээ. Урьд нь хоёр ч охиноо хүн болгож чадаагүй алдсан ээж нь
бурхан болсон охин минь иржээ гээд гэрлүүгээ авч явсан гэдэг.
МУАЖ Ваандангийн Боролдойн нэрэмжит симфони найрал хөгжмийн удирдаач Бадамын
Гэрэлмаагийн ая Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн
Болдын Мөнгөнтуулын үг “Зүрхний хоёр шүтээн” дуу мэндэлснийг энэ өдөр сонслоо.
...Тэнүүн тэнүүн гэнэ энэ хорвоог
Тэнгэрт морилсон тэдний минь
Тэнхээнд нь яахан хүрэх вэ дээ
Тэнүүхэн хөх тэнгэр минь
Зүүдний чанадаас үрээн эрхлүүлэх
Зүрхний хоёр шүтээн минь
Зөөлөн сэтгэлт ээжинхээ буувэйг
Жаргааж үр тань хэзээ ч таслахгүй ээ...
Аялгуу нь бурхны номын дуулал мэт уянгалаг. Шүлэгт нь хайр, хүндлэл, ачлал нэвт шингэжээ.
Тоолбол нас чацуу, төөлбөл бие ч сацуу энэ хоёр эмэгтэй олон уран бүтээл хамтран туурвисны
сүнслэг нэгэн бүтээл нь яахын аргагүй “Зүрхний хоёр шүтээн” дуу юм байна.
Б.Мөнгөнтуулыг тавхан настай байхад аав нь, долдугаар ангид ордог жил ээж нь 82 насандаа
тэнгэрт дэвшсэн гэж тэр ярьдаг. Балчир насандаа хоёр буурлаасаа хагацсан болохоор оонын эвэр шиг
орчлонд ханьсах ганц ахыгаа түшиж амьдралд хөл залгасан. Б.Мөнгөнтуул дөрвөн жилийн өмнө улсын
нийслэл Улаанбаатарыг зорьсон. Төрийн албанаасаа гарч, төвхнөсөн амьдралаа аваад юунд хот руу
нүүсэн юм бол гэж боддог байлаа. Гэтэл ахыгаа л тэр зорьсон юм билээ. Дашдондог ах Мөнгөнтуулаас
18 насаар ах.
Дээлтэй буурал аавыгаа үгүйлэхдээ
Дэндүү хайранд нь эрхэлмээр болохдоо
Дөлгөөхөн занг нь өвлөж үлдсэн
Дээдлэх нандин ахыгаа зорьдог доо
Унаган багын зангаа өвөрлөөд
Удахгүй очно оо дүү нь тандаа
Энэхэн насны хайраа өвөрлөөд

Эргээд ирнэ ээ дүү нь тандаа МУСТА Б.Мөнгөнтуулын шүлэг, МУСТА Б.Чинбаярын ая “Ахаа
зорино” дууг МУСТА Ш.Саранхөхөө үзэгчдэд хүргэлээ. Үзэгчид халуун алга ташилтаар мялааж, дахиулж,
даган дуулж байв. “Ахаа зорино” дуу Монголын зохиолын дууны ертөнцөд хит болох нь хэмээн үзэгчид
ихэд таашаасныг онцлоё.
Б.Мөнгөнтуул Халхгол нутгийн бэр. Айлын 11 хүүхдийн отгонтой нь амьдралаа холбосон бүсгүй.
Монгол улсын хилээс 30 гаруйхан км-т орших “Вангийн цагаан уул” гэж талын нэгэн толгод бий. Эрт дээр
үед Манжийн нэгэн түшмэл “Энэ манай нутгийн уул” гэхэд нь мэргэн ухаанаараа гайхагдсан То Ван “Энэ
уул яг нэг үхрийн ширний хэмжээтэй. Үхрийн ширний хэмжээнээс илүү гарсныг нь та ав даа” гээд том эр
үхрийн ширийг утас шиг нарийхан зүсэж урт сур болгон Цагаан уулыг цагариглан хүрээлэхэд хоёр алд
хэртэй үзүүр илүү гарч уулаа авч үлдсэн түүх бий. Түүнээс хойш Цагаан уул “Вангийн цагаан уул” нэртэй
болж нутгийн иргэд хэдэн үеэрээ сүслэн залбирч ирсэн уламжлалтай. Б.Мөнгөнтуул ханийнхаа аав
Гомбосүрэнгийн Банзрагчид зориулан хөгжмийн зохиолч МУСТА Х.Мөнхбаяртай хамтран “Сэтгэлийн
цагаан уул” дуу бүтээснийг МУСТА О.Номин-Эрдэнэ олны хүртээл болгожээ. Айлын бэрийн хувьд
аавдаа аялгуу эгшиг өргөсөн нь олны хүндэтгэлийг эрхгүй хүлээсэн.
Тэрээр мөн ханийнхаа ээжид зориулж МУСТА хөгжмийн зохиолч Б.Гэрэлмаатай хамтран нэгэн
сайхан уран бүтээл туурвисан нь “Буйр нуурын дуулал” хэмээх дуу.
....Тив дэлхийн ганцхан диваажин
Тэнүүн Дорнын мөнхийн үзэсгэлэн
Буйр нуур талын дуулалтай
Буурал түүхийн мөнхийн судар аа.... дууг Мобиком корпорацын Дорнод салбарын захирал
А.Тунгалагтуул олонд хүргэлээ. Буйрын долгио холоос харахад намуухан хөвсөлзөх хэр нь ойртоход
хүчтэй түрлэг үүсгэн давалгаалдаг шиг А.Тунгалагтуул энэ дууг уянгалаг агаад цаанаа л хүчтэй
хоолойгоор дуулсан нь уран бүтээл, уран бүтээлч хоёр биесээ олсон гэлтэй.
Б.Мөнгөнтуул алтан гартай эмч нарт зориулсан “Эмчийн тангараг”, ардын багш нарт зориулсан
“Багш эрдэнэ”, “Дорнодын боловсрол”, “Эгшиглэнт хүүхэд нас” дуунууд тоглолтод дуулагдсан.
Тухайн нутагт яруу найрагч төрөхөд уул ус нь баярладаг юм гэнэ лээ. Б.Мөнгөнтуул, Б.Гэрэлмаа
нар хамтран Дорнодын 9 гайхамшгийг багтаасан “Дорнод талын магт дуу” бүтээснийг аймгийн Хөгжимт
драмын театрын дэргэдэх “Туургатан” хамтлаг амилуулжээ. Дорнод нутгийн үүх түүх, өв соёл шингэсэн
газар орноор тэрхэн зуур аялах шиг аялгуу нь чихэнд сонсголонтой, үг нь сэтгэлд наалдацтай, нүдэнд
буухуйц сайхан бүтээл болжээ. Б.Мөнгөнтуул ардын урлагийг түгээн дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрээ
оруулж буйн нэгээхэн илрэл нь хөгжмийн зохиолч Б.Мөнхбаяртай хамтран барга түмний “Баргажин”
наадамд зориулан “Алунгоо хатан” дуу бүтээснийг Монгол улсын Тэргүүний ардын авьяастан
Б.Хандармаа үзэгчдэд хүргэв. Эрхэмсэгийн эрхэмсэг, тансагийн тансаг хатдын дуу юм аа.
Түүний тоглолтод МУСТА дуучин Б.Долгоржав МУСТА Д.Рэнцэнхандын аялгуу, МУСТА
Б.Мөнгөнтуулын шүлэг “Үдээр жаргасан наран” дууг үзэгчдэд хүргэсэн. Энэ дууг Б.Мөнгөнтуул МУСТА
дуучин Д.Оюунтунгалаг найздаа зориулсан гэдэг. Найзынхаа гишгэсэн амьдралын богинохон мөрийг
үгүйлэн санаж уран бүтээл туурвих нь үлдсэн үр хүүхэд, ах дүү, аав ээжид нь барьж буй буян юм даа
хэмээн эрхгүй бодогдсон.
Яруу найрагчийн уран бүтээлийн тоглолтыг шүлэг найраггүйгээр төсөөлөшгүй. Монголын
Зохиолчдын эвлэлийн гишүүн Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт Яруу найрагч Н.Мөнхсайхан
мялаалга өргөж, Болдын Мөнгөнтуулын оюутны ангийн хүүхдүүд болох Болор цомын эзэн яруу найрагч
Н.Батсайхан, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, МУСТА Б.Болорцэрэн нар уран бүтээлээрээ
үзэгчидтэй учран золголоо.
Тоглолтын шигтгээ нэгээхэн хэсэг нь “Дорнод Монголын цирк””-ийн хамт олны мэндчилгээ
байсан. Үзэгчдийн суудалд Б.Мөнгөнтуулын ах дүү, анд нөхөд гэгээн бүхнээр гэрэл цацруулсан үзэгчид
тухлана. Мөөнөө Та амьдралд бусдаар хайрлуулж, бусдыг хайрлах гэж ирсэн хүн юм байна. Хаврын
хуйсгансан өдрийг аргадаж, хүн бүрийн сэтгэлд гэгээ нэмэх гэж яруу найрагч Б.Мөнгөнтуул тоглолтоо
хийлээ. Чамайг минь урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж байг ээ.

  • Туяа
  • 323
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 2 )

энхтуяа [127.255.255.255] 2024-04-27 08:20:30

Ухаалаг авьяаслаг дүүдээ уран бүтээлийн улам их амжилт хүсье.

DR. ADITY [102.88.69.210] 2024-04-25 12:08:24

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313