МОНГОЛЧУУД АЗТАЙ, ЭХ ОРОНДОО ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЖ БАЙНА

2025 оны 2-р сарын 24 өдөр

БОЭТ-ийн Дотрын тасгийн эрхлэгч Б.НЯМ 

Ням эмчтэй уулзаад -Шинэ эмнэлэг ашиглалтад орж дотрын тасаг томроод гоё байна уу? гэтэл, инээснээ - Эмнэлгийн ор олон болох сайхан зүйл биш ш дээ. Дэлхий нийтээрээ өвдсөний дараа биш, өвдөхөөс өмнө эмчилье гэдэг зорилго тавьж байна. Монгол улс эмнэлгийн орны тоогоор дэлхийд тэргүүлдэг хэр нь хэвтэн эмчлүүлэх нь үр дүн  муу гэсэн судалгаа байдаг юм билээ. Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүн л эмнэлэгт хэвтдэг баймаар байгаа юм. Гэтэл манай Монголчууд “Хавар боллоо нэг эмнэлэгт хэвтье, ядраад байна эмнэлэгт хэвтээд 10 хоног дусал хийлгэчихье гэдэг. Тэгээд бүх бие нь эрүүл болчихно гэж ойлгодог. Ийм шалтаг, шалтгаанаар эмнэлэгт хэвтэж байгаа бол зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүс эмнэлгийн орон дээр хэвтэж чадахгүй цаг хугацаа алдаж байгаа гэдгийг бодох хэрэгтэй шүү” гэв. Эхний асуултаас бидний ярилцлага хүнд хэрэгтэй болох нь гэдэг бодол төрсөн юм. 

-Хоёулаа хүн амын дунд дотрын ямар өвчлөл их байна? юунаас болж байна? яаж өвчингүй амьдрах вэ гээд ярилцлагаа үргэлжлүүлье?  

-Тэгье, би цэгцтэй яриад явья. 

-Зиа, дуу хураагуур бичиж эхэлсэн

-Аан за. Манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь халдварт бус өвчин. Халдварт бус өвчнийг урьдчилан сэргийлж, эрт илрүүлж, эмчлэн эдгэрүүлэх боломжтой. Халдварт бус өвчин нь хүмүүсийн зан үйл, нийгмийн хүчин зүйлээс хамааралтай байдаг. Халдварт бус өвчинд зүрх судасны, амьсгалын замын, хоол боловсруулах, бөөр шээс  ялгаруулах, дотоод шүүрлийн өвчин ордог. Эдгээр өвчлөлүүдээс сүүлийн 30 жил Монголчууд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчнөөр өвчлөх нь  их байгаа бол зүрх судасны өвчөөр нас баралт тэргүүлж байна. Хоол боловсруулах эрхтэнд элэг, цөс, нойр булчирхай гээд хоол боловсруулах үйл явцад оролцдог бүх эрхтэн багтана. Үүн дотроо Монголчуудын дунд элэгний өвчлөл түгээмэл байна. Элэгний өвчний шалтгаан бол тодорхой. Элэг В, С, дельта вирус,  архи спиртийн төрлийн ундааны хэрэглээ, таргалалт нь манай Монголчуулын дунд элэгний өвчин үүсэх үндсэн шалтгаан болоод байгаа. Монгол хүмүүс элэгний В, С, дельта вирустэй байж архи уудаг, эсвэл тарган, элэгний өөхлөлттэй хавсарсан шалтгаантай элэгний өвчлөл их байна. Эдгээр олон хавсарсан шалтгаанууд нь элэгний хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ гэсэн үг.  

-Элэгний өвчин эдгэдэг үү? 

-Бид өвчлөх шалтгаанаа л бууруулах шаардлагатай байна. Шалтгаан байвал өвчин эдгэхгүй, улам даамжрах нь тодорхой. Элэгний C вирусийг дэлхийд 2015 оноос, Монголд 2017 оноос эмчилдэг болсон.  Элэгний C вирусийг 98 хувийн үр дүнтэй эмчилж байна. С вирусийн халдвар авсан эсэхийг Anti-HCV гэдэг шинжилгээгээр үзчихнэ. За вирусийн халдвар авч байсан гэсэн хариу гарвал бид заавал вирус тоолох шинжилгээ хийж эмчилгээнд орох эсэхийг тонтооно.  В, дельта вирусийг дэлхийд 100 хувь эмчилдэг эмчилгээ алга. Энэ вирусийг эмчлэх шинэ эмчилгээний өртөг өндөр эмчилгээ хамгийн дээд тал нь 40 хувийн үр дүн өгч байна. Удаан хугацаанд эмчилгээ эмчилгээ үргэлжилдэг гээд тулгамдсан асуудал хэвээр байна. Хүн амын дунд сүүлийн жилүүдэд архины болон архины бус шалтгаантай элэгний өөхлөлт ихэссэн. Даамжраад элэгний хатуурал элэгний хавдрын эрсдэл болно. Архины шалтгаантай элэгний өвчлөлтэй бол архиа уухаа больчих. Таргалалттай бол зөв зохистой хооллож, дасгал хөдөлгөөн хийж хэвийн жиндээ очих хэрэгтэй. Тухайн өвчтөний өвчин ямар шалтгаанаас үүсэлтэйгээс нь шалтгаалаад эмчилгээний арга, үр дүн нь өөр байх нь. Вирусийн шалтгаантай элэгний өвчлөл бол тухайн өвчтөнөөс хамаараагүй халдвар авах нь их  бий. Өөрөөр хэлбэл элэгний  В, С, дельта вирус цусаар л дамжиж халддаг. Шүлс ахуйн замаар биш, арьс салстаа гэмтээсэн нөхцөлд буюу шивээс хийлгэх, маникюр хийлгэх, шүдний эмнэлэг, эхээс төрөхдөө, бэлгийн замаар халдана гэсэн үг.  Монгол улсад 2021 оны байдлаар С вирусийн халдварын тархалт 9.3%, В вирусийн халдварын тархалт 8.1%, В вирусийн халдвартай хүмүүсийн 60-65% гепатитийн дельта вирусийн халдвартай байна.  2024 онд Японд Азийн Элэг судлаачдын хуралд оролцож байхад дэлхийд Монголчууд вирусийн шалтгаантай, архины шалтгаантай, элэгний өөхлөлтийн шалтгаантай  элэгний өвчлөлөөрөө тэргүүлж байна гэсэн мэдээллийг хараад сэтгэл өвдөж л суулаа. 

-Элэг хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг эрхтэн юм бэ? 

-Элэг бол хүний бие дэх хамгийн том булчирхай. Цуллаг эрхтэн шүү дээ. Тархи, зүрх, уушги, элэг, бөөр хүний биеийн амин чухал эрхтэн гэгддэг. Эдгээр эрхтэн байхгүй бол хүн амьд явах боломжгүй л гэсэн үг. Элэг хүний биеийн 500 гаруй үйл ажиллагаанд оролцдог. Элэг таны бие дэх хорыг шүүж гадагшлуулна, өөрөөр хэлбэл хоргүйжүүлнэ. Мөн цөсний хүүдий дотор шингэн цөсийг үйлдвэрлэнэ, хоолыг боловсруулна, таны  биед хэрэгтэй бодис үйлдвэрлэнэ, Витамин эрдэс бодисыг нөөцлөнө, дааврын тэнцвэрт байдлыг хадгална гээд маш олон нарийн төвөгтэй үйл ажиллагаануудыг явуулдаг хүний амин чухал эрхтэн.  

-Хүмүүс элэг дүлий эрхтэн нэг л өдөр өвддөг гэдэг энэ үнэн үү? 

-Үнэн. Хүн элгээ өвдөөд байгааг өөрөө төдийлөн анзаарахгүй байдаг.  Яагаад гэвэл элэг өвчлөөд байхад түүнийг илтгэх өвөрмөц шинж гэж байдаггүй. Элэг нь өвдсөн хүн ихэвчлэн ядардаг, элэг томрохоороо баруун хавирганы доогуур унжиж өвдөнө гэх мэт өвөрмөц бус шинж тэмдэг ажиглагддаг.  Ялангуяа залуу хүмүүс элгээ өвчилснийг мэдэхгүй, ажлын ачааллаас, нийгмийн стрессээс ядарч байна гэж бодоод яваад байдаг. Элэг өвдөж эхлэхдээ мэдэгдэхгүй хэр нь өвчин хүндэрсэн тохиолдолд жингээ алдах, арьс салст шарлах, шээс өтгөрөх, амнаас  эхүүн үнэр үнэртэх, мартаж санах, гэдэс цанхайх, хоол шингэхгүй байх, арьс загатнах шинж тэмдгүүд илэрдэг. Түүнээс шүд, цөсний чулуу өвдөж байгаа юм шиг өвөрмөц шинж тэмдэг илрэхгүй. Хүмүүс зүгээр байхад тураад байх юм, ядраад байх юм гээд ирдэг. Гэтэл аль хэдийн элэгний хатуурал, хавдар болчихсон байх нь бий. Зарим тохиолдолд “Та элэгний вирусийн халдвартай юм байна гурван сар тутам үзүүлж байгаарай, эмчийн хяналтад байх ёстой шүү” гэхээр 5 жилийн дараа элэгний хатуурал нь хүндрээд ирдэг. Хэрэв тэр хүн тогтмол эмчийн хяналтад байж эмчилгээ хийлгэж байсан бол элэгний хавдар арга хэмжээ авч болох үед нь оношлогдох боломжтой. Саяхан элэгний хатууралтай дотрын эмч нарын хяналтад байсан өвчтөн маань тогтмол гурван сар тутам үзүүлж байснаа өөрийгөө гайгүй боллоо гээд бодсон юм шиг байгаа юм. Тэгээд нэг жилийн дараа хяналтдаа үзүүлэх гээд иртэл элэгний хавдар оношлогдсон. Мөн амьдралдаа нэг ч удаа эмнэлэгт үзүүлж байгаагүй  35 настай залуу гэдэс цанхайгаад хоол шингэхгүй байна гээд эмнэлэгт ирээд 10 гаруй см том элэгний хавдар эмчилгээгүй болсон үедээ оношлогдож байсан. Эмчилгээ хийлгэх боломжгүй шатандаа өвчнөө мэдэж эмнэлэгт хандаж байгаа нь үнэхээр харамсалтай. Тэр хавдар 10 см болтлоо өссөн байхад хавдраар өвдсөн шинж тэмдэг илэрдэггүй байх нь.  Энэ мэт олон тохиолдлыг эмч нь хэлж чадна. Эмчийн хяналтад байна гэдгийг манайхан нэг юманд бүртгүүлээд орхичих юм шиг, эсэхүл эмчид нэг үзүүлээд эмчийн хяналтад орлоо гэж ойлгодог. Тэгснээ хэзээ хойно утсаар “эмчээ, би таны хяналтад байдаг тэр байна, одоо яах уу” гэдэг. Эмчийн хяналт гэдэг өвчтөн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө эмчтэйгээ хамтарч ажиллахыг хэлнэ. Би таны өвчин намжмал үе дээрээ байна уу?, хурдан явцтай байна уу? гэдгийг таныг ганц үзээд  мэдэх боломжгүй байдаг. Танихгүй хүнтэй олон удаа уулзаж таньж авдаг шиг. Эмч өвчтөнөөс олон төрлийн шинжилгээ авч, өвчний явцыг ажиглаж байж илүү нарийн таньж мэднэ. Өвчтөн, эмч хоёр хамтран ажиллана. Хяналт гэдэг тогтоосон хугацаанд эмчдээ үзүүлж, шаардлагатай шинжилгээнүүддээ хамрагдан, шаардлагатай эмчилгээгээ хийлгэж тухайн хүний эрүүл мэндийн байдал дээр үндэслэн цаашдын төлөвлөгөө гаргах үйл явцыг хэлж байгаа юм аа. 

-Элэг шилжүүлэн суулгах нь эцсийн шатны эмчилгээ юу? 

-Тэгэлгүй яахав. Элэг шилжүүлэн суулгах гэдэг нь эцсийн шатны эмчилгээ. Монголчууд азтай, эх орондоо элэг шилжүүлэн суулгаж байна. 3-хан сая хүн амтай, эрүүл мэндийн тогтолцоо нь төвөгтэй, амьдралын төвшин доогуур оронд эрхтэн шилжүүлэн суулгана гэдэг амар ажил биш ш дээ. Монгол эмч нар олон хүний нартад амьдрах насыг уртасгаж байгаад талархууштай. 

-Хүн амьдралынхаа хэдий үеэс элгээ хайрлах ёстой вэ? 

-Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө.  Хэрэв ээж элэгний вирустэй бол төрөх замаар вирусийн халдвар авах эрсдэлтэй. Одоо бол эмнэлэг элэгний вирустэй ээжээс төрсөн хүүхдэд нэмэлт вакцин хийдэг болсон. Манай аймаг 2019 оноос вирустэй ээжээс төрсөн нярай болгонд үнэ төлбөргүй нэмэлт вакцин хийж байна. Гепатит В  вакцины эхний тунг нярайг эхээс төрсөн дариуд тарьдаг. Энэ вакцин 10-15 жил элэгний В вирусээс хамгаалдаг. Хүүхэд 10-15 нас хүрэхэд вирусийн дархлааг нь үзүүлж вакцин нь идэвхгүй болсон байвал дахин Гепатит В вакцин хийлгэнэ. Дахин дархлаажуулалтад хамрагдана. Элэгний С вирусийн вакцин гэж дэлхийд одоогоор гараагүй байна. Насанд хүрсэн хүмүүс цусаар, бэлгийн замаар дамжих дээрх халдварыг авахгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэвийн жинтэй байх нь элэгний өвчнөөр өвчлөхгүй байх  маш чухал үзүүлэлт. Хөдөлгөөний дутагдал, буруу хооллолтоос таргалалт үүсдэг. Манайхан хоолны дэглэм бариарай гэхээр өөртөө хүнсний хориг тавьчихдаг. Зөв зохистой хооллолт  гэдэг хориглохын нэр биш. Тохируулж хэрэглэхийг хоол хүнсний зохистой хэрэглээ гэж нэрлэнэ шүү дээ. Хүний нэг өдөрт идэх хүнсийг таваг дээр  тавихад 50 хувь нь ногоо жимс, ногоо жимсэндээ ногоон өнгөтэй ногоо жимс байвал их сайн. 25 хувь нь мах, үлдсэн 25 хувь нь гурил будаа, үр тариа, дээрээс нь сайн чанарын тос, ус, сүү цагаан идээ байх ёстой. Гурилаа хас, махаа ид гэсэн гээд өөх тосны хэрэглээгээ ихэсгэчихээр буруу хооллолт болчихно ш дээ. Эмч ээ, би архи уудаггүй, виски л уудаг гэдэг. Эхо-д харахаар архины шалтгаантай өөхлөлттэй байдаг. Тэгсэн хэр нь эмчээ, би ёстой архи уудаггүй ямар сонин юм бэ, оройдоо хоёр лааз пиво л уудаг гэдэг. 30-50 насныхан элэгний хатуурлаар их өвдөж байна.   Хүн эрүүл амьдаръя гэвэл хөдөлгөөнтэй байх хэрэгтэй, хөдөлгөөнтэй байна гэдэг жин хэвийн байна, жин хэвийн байхад өвчлөхгүй.  Нөгөө талаас өвчин эмгэг үүсэхэд удамшил маш чухал. Өвчлөлийн 20-25 хувь нь удамшилтай шууд холбоотой гэж эрдэмтэд үзсэн байна. Бид аав, ээжийнхээ царайг дуурайж төрдөг шигээ өвчнийг нь өвдөх эрсдлийг нь хүртэл дуурайдаг байх нь. Мөн өвчлөлийн 20-25 хувь нь амьдарч буй орчноос шалтгаалдаг. Халуун оронд амьдардаг уу? тоос шороотой орчинд өссөн үү? чийгтэй орчинд удсан уу? гээд орчны нөлөө чухал. Үлдсэн 50 хувь нь бидний амьдралын хэвшлээс хамаарч өвчин үүсдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ.  

-Элэгний өвчнийг эмчлэх зардал хэр өндөр вэ? 

-Өвчин шууд хүний амьдралын нийгмийн асуудалтай нь холбогддог. Эмч хүн өвчтөнөө эмчлэхээс гадна давхар нийгмийн асуудалд нь анхаарал хандуулах хэрэгтэй байдаг. Өвчтөндөө зөвлөхөөс ч аргагүй. Дэлхийн хөгжилтэй орнуудад өвчтөн эмчид зөвхөн өвчнөө эмчлүүлэхээр ирдэггүй, маш олон нийгмийн асуудлаа шийдүүлэхээр ирдэг гэсэн судалгаа байдаг юм билээ. Энэ үнэн. 

-Элэгний өвчин зардал өндөртэй өвчин шүү. Хамгийн наад захын жишээ хэлэхэд элэгний хатууралтай хүн ойрхон давтамжтай уураг хэрэглэдэг. Нэг шил альбумин уураг 300 мянган төгрөг.  Гэсэн хэдий ч бид азтай нь манай улсад эрүүл мэндийн даатгалаар өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж байна. Дэлхийн зах зээл дээр элэг шилжүүлэн суулгах хагалгаа үнэтэй. Солонгос улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаанд ороход зөвхөн хагалгааны зардал нь 120-180 мянган америк доллар. Гаднын оронд ор хоног, бүх юм нь өндөр үнэлгээтэй. Гэхдээ юм болгонд хязгаар гэж бий. Хүн болгонд элэгний хагалгаа хийх боломжгүй. Элэг солиулахыг хүссэн хүн болгонд донор олдохгүй. Тиймээс элэг шилжүүлэн суулгах хүртлээ л явахгүй байх, архи уудаг бол архинаас татгалзах, жин ихтэй бол жингийн асуудлаа зохицуулах гээд нөгөө л хувь хүний эрүүл мэндийн хариуцлага их чухал. Урьдчилан сэргийлэх үзлэгт шинжилгээ оношилгоонд тогтмол хамрагдах хэрэгтэй.

-Таныг нөхрийнхөө элэгний донор болсон гэж сонсож байсан. Өөрийн тань түүхээс хүмүүс элэг солиулаад амьдрах боломж байдгийг харах байх гэж зориглон асууя?

-Манай нөхөр 2005 онд элэгний вирустэй гэдгээ мэдсэн. Эмчлүүлээд ажлаа хийгээд явдаг байсан. Элэгний хатуурал бол цаашаа даамжраад л байдаг өвчин л дөө. Нөхрийн маань өвчин даамжирсаар элэг солиулах хагалгааны заалтад орсон. Тухайн үед ах дүү хамаатан саднаасаа л донор хайсан. Таарах донор олдоогүй. Нэг өдөр хагалгааныхаа тухай яриад машинд явж байснаа би 3-р бүлгийн цустай ш дээ би шинжилгээ өгөөд үзье гэсэн чинь нөхөр маань хоёулаа хагалгаанд орохоор хүүхдүүдээ яах юм би чамайг хагалгаанд оруулж чадахгүй гээд дургүйцсэн. Би, юу ч гэсэн шинжилгээ өгөөд үзье гээд эмнэлэг бол донорт 100 хувийн баталгаа өгнө өө гээд ятгасан. Тэгсэн бид хоёрын элэг таарсан. Зарим тохиолдолд хүмүүс донор болохоос эмээх асуудал байдаг.  Би бол азтай хүмүүс донор болдог гэж боддог. Хүн болгонд хүний амь аврах боломж нөхцөл байхгүй. Ээжийнхээ насыг уртасгах юмсан, аавыгаа хөл дээр нь босгочих юмсан гэдэг хүслээ биелүүлж чадах хүн орчлон дээр ховорхон ш дээ. Харин донор болж байгаа хүмүүс хайртай хүмүүстээ нас бэлэглэдэг азтай хүмүүс. Монгол улсад Донорын тухай хуулиар л эрхтэн шилжүүлэх мэс засал хийгддэг. Хүний эд эрхтнийг аваад худалддаг гэдэг буруу ташаа мэдээллээс болж тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах нь бараг боломжгүй болоод байна. Таны донор болно гэж хэлчихээд утсаа салгаад алга болсон тохиолдол байдаг л юм билээ. Элгэн садан чинь таныг донор болооч гэж хүсэх юм бол та бүү эргэлзээрэй. Би гэхэд нөхөртөө элгээ өгөөд сарын дараа л ажлаа хийж байсан шүү.      

-Сайхан ярилцлага өрнүүллээ, Баярлалаа.  Ажилд нь амжилт хүсье.  

-Танай сонины хамт олонд ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.

 

Ням эмчийн ажлын туршлагаас сонирхуулбал “Тэрээр 2005 онд одоогийн АШУИС-ийг төгссөн. Сургуулиа төгсөөд Дорнод аймгийнхаа БОЭТ-д ажилласан. 2007 онд дотрын резидентүр  буюу дотрын эмчээр суралцаж 2010 онд Хоол боловсруулах эрхтэн судлалаар нарийн мэргэшиж эхэлсэн. Багаасаа эмч болно гэж бодож байгаагүй ч хүнд тустай мэргэжил эзэмших хэрэгтэй гэсэн ээж эмээгийнхээ ятгалгаар эмч болсон гэнэ лээ. Түүний ярьснаар анагаахад сурч байхад мэс заслын эмч болбол мундаг эмч болдог гэж оюутнууд хуйлардаг тал байж. Оюутан байхдаа мэс заслын эсвэл төрөхийн эмч болно гэж боддог байсан ч сургуулиа төгсөж ирэхэд БОЭТ дотрын тасгийн эмчийн дутагдалтайгаас  дотрын тасагт хуваарилагдсан аж. Тухайн үед дотрын тасагт ажиллана гэж төсөөлөөгүй, ямартаа л дотрын номнуудаа Улаанбаатарт орхиод ирж билээ гэсэн юм. Тэрээр “Резидентүрт  сурахаар явахдаа дотор судлалын салбар бол анагаахын ухааны суурь нь, дотрын салбарыг мэдэхгүйгээр сайн эмч болохгүй юм байна гэдгийг ойлгон дотрын эмч болсон. Намайг сургууль төгсөж ирэхээс л манай БОЭТ-д элэгний эмч байгаагүй. Ажлын байран дээр эмнэлгийн орон дээр элэгний өвчтэй хүмүүст тусламж үйлчилгээ хэрэгтэй гэдгийг мэдсэн учраас элэгний эмчийг сонгож мэргэшсэн” гэж ярьж байлаа. Эмчийн мэргэжил насан туршдаа сурдаг мэргэжил. Анагаах ухаан өдрөөс өдөрт хөгжиж шинэ шинэ туршилт судалгаанууд хийгдэж байна. Жишээ нь: Намайг АШУҮИС-ийг төгсөхөд С вирусийн эмчилгээг дэлхий нээж илрүүлээгүй байсан. Одоо энэ вирусийг амжилттай эмчилж байна. Мэдлэг бол талх шиг хуучирдаг гэж үнэн үг. Орон нутагтаа эмчилгээ оношилшооны дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэхийн төлөө Хоол боловсруулах эрхтэний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгэмлэг, төрийн бус байгууллага, олон улсын сургалтуудад аль болох тогтмол оролцохыг хичээж, өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна” гэв.

  • Туяа
  • 151
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313