
6-р сарын 20-ны үдээс өмнө Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадад албан ёсны айлчлал хийж байгаа Шинэ Зеландын ерөнхий сайд Кристофер Лаксонтой уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хугацаанд Хятад, Шинэ Зеландын харилцаа олон улсын ээдрээтэй нөхцөл байдлыг туулж, хоёр тал үргэлж бие биенээ хүндэтгэж, гар нийлэн урагшилсаар ирсэн. Хоёр орны харилцаа урт хугацааны туршид Хятад улс өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудтай харилцах харилцааны тэргүүн эгнээнд явж ирсэн бөгөөд хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгсөн юм. Хятад, Шинэ Зеландын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хоёр дахь арван жилдээ орж байгаа энэ үед хоёр тал хамтдаа Хятад Шинэ Зеландын харилцаа шинэ арван жилд илүү их хөгжихийг урагш ахиулж, хоёр орны ард түмэнд илүү сайн ашиг тус бүтээх ёстой гэв.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад, Шинэ Зеланд хоёр тал харилцаа хамтын ажиллагаагаа хоёр талын харилцааны илүү чухал байр сууринд тавьж, харилцан нөхөх давуу талуудыг ашиглаж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, цаг уурын өөрчлөлтийг бууруулах, дэд бүтэц зэрэг салбар дахь хамтын ажиллагааны нөөц бололцоог нэмэгдүүлж, боловсрол, соёл, залуучууд, ард иргэд хоорондын болон орон нутгийн харилцааны солилцоог эрчимжүүлж, хоёр талт харилцааны агуулгыг баялаг болгох ёстой. Энэ жил дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жил, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Дайны дараах олон улсын дэг журмыг бүтээн байгуулагч, хамгаалагчдын хувьд Хятад, Шинэ Зеланд хоёр орон НҮБ-аар гол цөм болгосон олон улсын тогтолцоог хамтаар хамгаалж, ДХБ-аар гол болгосон олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, олон улсын шударга ёсыг хамтдаа хамгаалж, олон улсын дэг журам илүү шударга, зохистой чиглэлд урагш хөгжихийг ахиулах ёстой гэв.
Кристофер Лаксон хэлэхдээ, Шинэ Зеланд, Хятадын харилцаа маш чухал ач холбогдолтой. 2014 онд Ши Жиньпин дарга Шинэ Зеландад айлчилж, хоёр тал иж бүрэн
стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Хоёр орны удирдагчдын стратегийн удирдлага дор олон салбарын хамтын ажиллагаа цэцэглэн хөгжиж байна. Шинэ Зеланд Хятад улстай тогтоосон харилцаагаа дээд хэмжээнд чухалчлан үзэж, нэг Хятад улсын бодлогыг үргэлжлүүлэн баримтална. Хятад улстай харилцан хүндэтгэж, харилцан ойлголцож, дээд зиндааны солилцоогоо хадгалж, худалдаа, хөрөнгө оруулалтаа өргөтгөж, хөдөө аж ахуй, загасны аж ахуй, сүү сүүн бүтээгдэүүний аж үйлдвэрийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, аялал жуулчлал, боловсрол болон бусад салбарын соёлын солилцоог эрчимжүүлж, Шинэ Зеланд, Хятадын харилцааг улам ихээр хөгжүүлэхэд бэлэн байна гэв. Эдүгээ дэлхий ертөнц тодорхойгүй зүйлээр дүүрэн байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсыг илүү их үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Хятад улстай идэвхтэй харилцаж, олон талт худалдааны тогтолцоог хэвээр хадгалж, дэлхийн шинжтэй сорилтыг хамтдаа зохицуулахад Шинэ Зеланд бэлэн байна. Ирэх жил Хятад улс АПЕК-ийн уулзалтыг зохион байгуулахыг Шинэ Зеланд дэмжиж байна гэв.
Эх сурвалж : https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй