
- Буриад дэр хийх хошуун зэрэглэлийн биет бус соёлын өвийн өвлөн уламжлагч Бүтэдийг сурвалжлав
Буриад өв соёл нь гүн зузаан соёлын хөрс шороотой байдаг. Энэхүү их хөрс шороог олон зуун жилийн турш шим шүүстэй байлгаж чадсан нь ард түмний амьдралыг хайрлах их ухаанаас салж чадахгүй юмаа.
Амьралыг элгэндээ тэврэн хайрлахад амьдралаас танд олон ер бусын бэлэг бэлгэлдэг билээ. Өнөөдөр сурвалжлагынхаа гэгээн хойморт Эвэнки үндэстний өөртөө засах хошууны Буриад дэр хийх хошуун зэрэглэлийн биет бус соёлын өвийн өвлөн уламжлагч Бүтэд ахмадыг урин сурвжлага авлаа.
Тэрээр 1956 онд Эвэнки үндэстний өөртөө засах хошууны Шинэхэн зүүн сумын Баянуул гацааны Бохай Хуасай халтай Сэдэвийн Бавуугийн охин болж заяасан билээ. Түүний аав Сэдэвийн Бавуу 1958 онд Эвэнки үндэстний өөртөө засах хошууны найрт бөх, мориний цол дууддаг байсан. Хөлөнбуйр нутгийн Шинэхэний сайн дуучин мөртөө нэртэй малын эмч байжээ:
- Аав минь сайхан дуулдаг. Аавынхаа дуу дуулхыг сонсоод олон дуу сурсан. Ээж минь ч бүүвэйн дуугаар манай ах дүү хэдийг бүүвэйлэн өсгөсөн болхоор би хархан багаасаа буриад ардын дуундаа хайртай. Биет бус соёлын өвийн өвлөн уламжлагчаар бүртгүүлэхдээ ч буриад ардын дуугаараа бүртгүүлсэн бол ямар сайхан буй гэж үргэлж боддог. Би айлын том нь болхоор долоон наснаасаа хонь малаа хариулж, хөдөөгийн хар бор ажлыг хийж, гэртээ ирвэл юм оёх л дуртай байсан гэж Бүтэд гуай багын үеэ эргэцүүлнэ.
Бүтэд гуай багаасаа оёдолд дур бахтай болхоор зургаа долоон настайгаасаа ээжийгээ дагаад оёдол хийдэг байжээ. Хааяа бас ээжээсээ нуугаад хуруун чинээхэн буриад гутал оёдог гэх. Тэр олон дүү нартай болхоор арав гармагцаа л ээждээ тусалж дээл хувцас оёж эхлэв. Тэр арван дөрвөн настай байхдаа охин дүүдээ буриад гутал оёж өгч байсан гэх нь их л цээж уран, сэтгэмж сайтай нэгэн байсан нь илхэн.
- Би хөгжлийн бэрхшээлтэй болхоор багаасаа амьдралын хал тамыг туулж ирсэн. Бага сургуульд сурч байхад нэг өдөр “Аав чинь үхрээ худалдаад нурууг чинь эмчлүүлэх юм гэнэ ” гэх хүнээр дамжуулан дуудуулсан чимээгээр би гэртээ хариад дахин сургуульдаа очоогүй шүү гэж хэлэх нь сургууль соёлын мөр хөөхийг хичнээн их мөрөөдөж байсан нь үгнээс нь илт мэдрэгдэнэ.
Бүтэд гуай 19 настай тэр жилийн нэгэн өдөр авга эгчийндээ айлчилж очоод тэдний оёсон дэр нь түүний ээжийн оёсон дэртэй адилгүй онцгой сайхан харагдаж, төөлөөд хэмжээг нь авч байхад авга эгч нь “Гэртээ аваачаад оёж сураарай” гэж түүнд урам өгчээ. Бүтэд дэрний уутыг гэртээ аваачаад задалж байгаад олон ч дэр оёсон. Ингээд түүний дэр оёх анхны гараа эндээс эхэлж, сэтгэлдээ авга эгчдээ ихээхэн баярлаж талархаж явдаг гэх.
- 19 настай тэр жил миний нагац бэргэн надад “Дэр оюу, хүүхэн дүү чинь харьд мордох гэж байна” гэхээр нь би ээждээ “Нагац бэргэн намайг дэр оюу гэж байна” гэж хэлхэд, ээж минь “Оюу, оюу хамаагүй” гэхээр нь ээжээрээ заалгаж байгаад дэр оёж сурав. Түүнээс хойш Бүтэд төрөл садныхаа хурим найрт дэр оёж бэлгэлдэг болсон гэх. Тэр 26 нас хүртэлээ аав ээжийгээ дагаж гэрийнхээ ойр зуурын ажилд туслахын хажуугаар оёдол оёдог болсон.
Ээж минь гар уран буриад бүх хувцас заслаа гоё оёдог байлаа. Харин аав маань дуунд дуртай болхоор орой болгон дуугаа дуулдаг, аавынхаа дууг сонсож байгаад олон дуу сурснаар зогсохгүй радиогоор бас олон дуу сурсан гэх. Тухайн үед радиогоор дууны нэвтрүүлэгийн цаг болхоор Мөөлэн, Нацагдорж, Нэмэх нарын дууг маш анхаарлаа төвлөрүүлэн сонсдог байсан. Би ээж ааваасаа уламжлалт соёлоо өвлөн уламжилж авсандаа сэтгэл өндөр явдаг хэмээн ярина. Тэр 27 настайдаа тусдаа гарчээ.
- Буриад дэр хийхэд олон ёс жаягтай. Буриадууд дэрээ гэрийн сахиус хэмээн үзэж, дэрээ хаа хамаагүй дураараа тавьдаггүй, дээр нь суухыг цээрлэнэ. Дэрнийхээ уутан дээр нь олон ширмэл оёдолтой тэр нь сайн цагийн мянган бурханыг төлөөлдөг. Есөн тав нь есөн тахилыг төлөөлж, доорхи гурван товч нь насны гурван бурханыг төлөөлөн, дээрхи гурван хоргой нь бурханы гурван хоргой гэдэг гэж ахмадууд буриад өв соёлоороо бахархан тайлбарлаж ярьдаг. Буриадуудын дунд буриад дэрний тухай ийм нэгэн үлгэр байдаг. Эрт урьдын цагт буриад ястад эрэгтэй хүнийг харьд мордуулдаг байв. Сүүлээр нь харьд мордсон эрчүүд нутаг усаа санаад гэртээ тогтохгүй болов. Ингээд хүүхэндээ дэр хийж өгөөд “Дэрнээсээ салж болохгүй, дэр нь бурхан сахиусыг төлөөлдөг юм шүү” гэж захин хүүхнээ харьд мордуулдаг болсон гэнэ. Ингээд хүүхэн гэр нутгаа санасан ч инж малдаа хорогдон, үр хүүхэддээ хоргодон, дэрэндээ хорогдоод нутагдаа буцаж чаддаггүй болжээ. Ийнхүү буриад дэр нь буриадуудын амьдрал ахуйтай нягт холбогдож эдүүгээ хүрчээ.
Буриад дэрийг эзнээс нь бусад хүн хөдөлгөж болохгүй, зөвхөн эзэн нь хөдөлгөж болдог. Учир нь буриадууд дэрэн дотроо алт мөнгө буюу хүүхдийнхээ хүйсийг хийдэг. Гэхдээ нярай хүүхэд бол дэрийг унаж наадаж болдог гэх мэтчилэн буриад дэрний тухай ёс жаяг олон байдаг нь буриад дэрний өв соёлоор гүн зузаан хөрсний бас нэгэн шим нь болох юм.
Буриад дэрийг бурхантай зүйрэлдэг болхоор Бүтэд гуай олон мянган бурхан бүтээж, олон ч айлын шүтээн сахиусыг уран хоёр гараараа урлан бүтээж яваа нэгэн ажээ. Тэр 2017 онд Эвэнки үндэстний өөртөө засах хошууны Шинэхэн зүүн сумын Нам засгийн халуун дэмжлэгээр Эвэнки үндэстний өөртөө засах хошууны зэрэглэлийн буриад дэрний биет бус соёлын өвийн өвлөн уламжлагч болж чадсан байна. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй байсан ч эрүүл хүмүүсээс дутахааргүй их мэрийдэг, ажилч хөдөлмөрч нэгэн билээ. Зөвхөн буриад дэрийн өвлөн уламжлагч төдий биш бас олон буриад ардын дууг өвлөн залгамжилж дуулж яваа нэгэн юм.
Тэрээр гоцлол дуучнаараа шагнал хөхүүлэл олон хүртэж явсан бөгөөд буриад гутал, хувцас засал оёж хийснээрээ олон хүмүүсийн анхааралд хүрчээ. Түүний дуулдаг дуу нь өөрийн хэв намбаатай бөгөөд гарын ураар хийсэн хувцас засал нь онцын гоёмсог байдаг.
Бүтэд гуай гурван хүүхдээ өөлээ болгон өрх гэрийхэн голомтыг босгон улс орондоо шинэ айл нэмэрлэж өгчээ. Одоо өндөр насаа өөрийн дур бахтай зүйлээ хийж, аз жаргалтай амьдарч явна. Тэрээр гурван үрээ харан баясаж, олон айлд буриад дэр оёж өгч, олон сайхан урлагийн тайзнаас шагнал хөхүүлэл гардаж, амьдралдаа бүтэн жаргаж яваа нэгэн ээж хүн, ард түмэндээ хүндтэй дуучин, хань ижилдээ халамжтай гэргий нэртэй явна.
Эдүүгээ буриад гар урлалтайгаа ханилж, түүнээсээ аз жаргал мэдрэн, урам зориг авч энэ яваа насаа ааваасаа сурсан дуугаараа гоёж яваа түүний амьдралыг хархад эгэл жирийн боловч цаанаа их л утга төгөлдөр харагдана.
Хөдөөгийн салхи сэрсэр хацар нүүрийг илбэж, Бүтэд гуайтай зоог дэлгэн явхад миний бүх бие эрч хүчээр чангарч байлаа. Нэгэн хөгжлийн бэрхшээлтэй ахмад хүн хүртэл амьдралаа аливаа сайн сайхнаар гоёж амьдралаасаа олох ёстой зүйлээ бүгдийг олсноор зогсохгүй бас буриад өв соёлоо залуу нэг үеийнхэндээ өвлөн уламжлуулах гэж мэрийж байхад залуус бид юу нэгийг тархиндаа сийрүүлэн урагшаа л алхвал зөв юм.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй