САЙНЫ ЕРӨӨЛ ШИНГЭСЭН ОН ЖИЛҮҮД

2025 оны 6-р сарын 24 өдөр

--- Барга уламжлалт ерөөл магтаалын хотын зэрэглэлийн төлөөлөгч соёлын биет бус бодисын тээгч, уламжлагч Б. Амаржаргалыг тэмдэглэв
  “Өндөр тэнгэрээс хишиг хурайлан 
Өнөр буяны тэгш заяа дуудна
Баргын тал ашидын ерөөлөөр 
Өнө мөнх амар амгалан” гэж барга ястаныг “Монголын нууц товчоо”-ны мөр бадгуудад дурьдаж байсан болхоор манай үндэстний дотор эрхэмсэг дүрээр эдүүгээ хүрч ирсэн билээ. Баргын тал нь уудам, морьд нь хурдан, хүүхнүүд нь үзэсгэлэн гуа. Иймийн ч учир энэ нутгийн өв соёлын агуулхуй гүнээс гүн гэдгийг олон улс орны эрдэмтдийн судалгаан гэрчилэх юм. 
 Ер нь “Монголын нууц товчоо”-нд олон олон ерөөл магтаалын мөр бадгууд байдаг. Ерөөл магтаал нь монголчуудын аль ч хэсгээс салж чадахгүй байсан нь арван гуравдугаар зуунаас нааш зуу зууны үе үеийн зохиолчдын зохиол бүтээлд харагддаг. Гадаадын жуулчдын тэмдэглэлд ч ардын хурим найр, монголчуудын амьдрал ахуйн ерөөл магтаалаас салж чадахгүй байлаа гэж тэмдэглэгджээ. 
  Он цагийн уртад газар газрын зан үйл ёс жаяг адил бус болж, ерөөл магтаал ч өөрийн нутаг орныхоо онцлоготой болж улиржээ. Барга нутгийн ерөөл магтаал бас өөрийн гэх онцлог шинжээ хадгалж хорин нэгдүгээр зууны босгыг алхалаа. 
  Би энэхүү өв соёлын төлөөлөгч өвлөн уламжлагч Б. Амаржаргал гуайтай сурвалжлагын болзоо тогтсондоо олзуурхан баяраллаа. Аман ерөөлөөс ашидын ерөөл хайлсан цагаан мөртэй. 
  Б.Амаржаргал ахмад нэгэн уншиж дуусаагүй ном билүү гэж сэтгүүлч надад санагдлаа. Манай ардын түүх соёл, амьдрал ахуйн нөхцөл шалгалтаас болоод ардын аман зохиол бүгд л амаар уламжлагдан ирсэн болхоор Б.Амаржаргал гуай ардын аман ерөөлийг  уламжлаж аваад олон хүнд түгээн дэлгэрүүлж яваа нэгэн. Энэ хүний цээжинд хичнээн олон ардын уламжлалт аман ерөөл, ардын хуучин магтаал байгааг тоолсон хүн байхгүй, уншсан хүн ч алга. Ийм ч учир барга нутгийн хоймор дээдлэх эрдэмт хүний нэгд тооцогдох билээ. Тэр нас өндөр болсон ч бичиж судлах, ном зохиол унших уламжлалаа орхиогүй. Үгэнд цэцэн номонд мэргэн, нойрт сэргэг гээд эр хүнд байх эрхэм шинж бүрэн. Бие сэтгэл нь лагшин тунгалаг, оюун ухаанаа үргэлж цэнэглэж байхыг зөнгөөрөө уншлаа. Эрдэмт хүний гүн ухаанд шүтэж, цэцэн номынхон хуудас бүхэнд сүжирч Б.Амаржаргал гуайн тухай та бүхэнтэйгээ хуваалцая. 
Үг бүхнээс нь цэцэн ухаан ярилцаад суухад амар амгалангийн тухай ямар нэгэн жаргалын мэдрэмжийг олно. 
 “Сурвалжлагч хүүхэн ээ, өвөө нь нас явж бие жоохон муутаж байна аа. Гэхдээ чиний ажлыг хүндэлж, гоё сурвалжлагыг уншигч олонтойгоо хуваалцахыг хичээе, хоёулаа” гэж ярьж байлаа. Энэ үг яасан дотнохон санагдсныг үгээр зүйрлэхийн аргагүй юм даа.
  Б. Амаржаргал гуай 1952 оны Хар луу жилийн аргын улирлын 12-р сарын 25-ны өдөр Хөлөнбуйр хотын Шинэ барга зүүн хошууны Өлзийт рашаан хэмээх газар төрж, хуучны Амгаланбулаг сумны уугуул, малчин Хүйчилэг халын Базрагч болон Худай халын Шагшал хоёрт үрчлэгдэн тэжээгдэв. Түүний өсөж төрсөн газар нь 108 булаг оргилсон сүсэгтэн бүхний бие сэтгэлийн чилээг алдраадаг ариун орон байжээ. Ийм л ариун газар усанд хүү нь болсон болхоор оюун билэгийн дархадын нэгэн болж ард түмнийхээ дунд алдар нэр нь гарсан байхаа. Тэр өргөж авсан аав ээжээрээ “Алгандаа тавибал бөмбөрмөөр, амандаа хийвэл хайлмаар” энхрийлүүлж хайрын торгон өлгийд бүвэйлэгдэн өсжээ. Тэгээд 1960-1966 онд сумныхаа бага сургуулийн алтан босгыг алхан орж эрдэм номын торгон хуудсыг эргүүлж эрдэмт хүн болох анхны даваагаа давсан байв. 1966-1969 онд Хайлардах Нэгдүгээр ахлах сургуульд сурч, хөдөөгийн бор хүүгээс хотын сэхээтэн залуу болж эрдэм номоор хүмүүжигджээ. 1969-1974 онд сэхээтнүүд хөдөө орон нутгаар томилогдож, тухайн үеийн нийгмийн хар цагаан тоосыг элээжээ. 1971-1975 онд аав, ээж гэргийтэйгээ бригадын хонийг сууриар нь даачилан, зусланд гарах, мангир хөөх, төл тосох зэрэг ажилд идээшин дадаж нэгэн хашир туршлагатай малчин болжээ. Малчин хүн мянган ухаантай болхоор ажил амьдралынхаа ухааныг эндээс түүсэн гэх. 
1971 оны Цагаагчин гахай жилийн намар аргын улирлын 9-р сарын 24-ний өдөр насны хань Оюундэлгэртэйгээ аз жаргалт гэр бүл болж, хоёр хөвгүүн, хоёр охид нь зулай зулайгаа гишгэн заяав. 1974-1976 онд гэргий Оюундэлгэртэйгээ хоёулаа бригадын удирдлага нарынхаа тохируулалтаар Баянбүрд гацааны ардаас эрхэлсэн Бага сургуульд хориод сурагчдад эрдэм соёлын шимийг хүртээж, багш хэмээх ариун нэрээр энэ залуухан хос айл гэрээ чимжээ. 1976-1978 онд нутгийн олныхоо итгэл найдварыг хүлээн Хайларын Монгол үндэстний багшийн сургуульд хүргэгдэн суралцаад хоёр жилийн дараа төгсжээ. 
  1978-1984 он болтолхи зургаан жилийн хугацаанд Ганжуур бага сургуульд ардын багшаар ажилжээ. 1980 онд гэргий нь ч ардын багшаар шалгагдан тэнцэж энэ гэр бүлд баяр дээр баяр боллоо. Амаржаргал 1984-1987 он болтол Амгаланбулаг сумны \уулын\ орлогч сумны даргаар ажиллажээ.1987-1993 он болтол Амгаланбулаг суманд сумын даргаар ажиллажээ. 1993-1998 он болтол Өвөрбулаг сум, Тарганнуур суманд \уулын \ тус тус суман даргын ажлыг гүйцэтгэж, энэ нутгийн ард түмний төлөө нэг зоригоор хичээн зүтгэж явсныг нь ард түмэн нь байнга дурсаж ярьдаг. 1990 онд Амгаланбулаг сумны \уулын\ засгийн ордноо төлөөлж, үсэг сийлсэн мөнгөн буйлтай, тоховчтой цагаан тэмээг хошууныхаа Ардын наадамд бэлэг болгон дэвшүүлжээ. Мөн ч өнө дурсагдах Өлзийт наадамд хийморио сэргээж, найрт хөөр хөгжөөн нэмэж хурдан морины цол дууджээ. 
   Амгаланбулаг сумны \уулын\ дарга байсан сүүлчийн хугацаандаа даруй 1990-1993 онд албатны эгнээнд өөрчлөлт гарснаар аймгийн \тэр үед хот болоогүй байв\ албатны дээд сургуульд суралцан төрийн албатны үнэмлэхийг шалган авч, салаан зэрэглэлийн төрийн албатан болсон байжээ. Энэ хугацаанд бас хошуу сумныхаа Ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгч, хошууныхаа Улс төрийн зөвлөлгөөний байнгийн гишүүн, Хөлөнбуйр хотын Монгол хэл бичгийн нийгэмлэгийн гишүүн зэрэг нийгмийн үүрэг тушаалнуудыг үүрэглэж явсан бүлгээ. Ахмад Амгаланбулаг сумны \уулын\  удирдлага байхдаа Ганжуур сүмийг сэргээх ажлыг санаачилж маш хурдан биелүүлжээ. Амаржаргал гуай 1998 онд албан ажлаасаа урьдчилан тэтгэвэртээ гараад хөгшинтэйгээ уулын Баянбүрд гацааныхаа унаган нутагтаа хэдэн малтайгаа нутагшин амьдарчээ. Өөрийн дур бах буюу ардын уламжлалт өв соёлын үнэ цэнэд суурилан настан маань өв соёлын далай хэмээгдсэн нутгийн буурлууд жич ерөөлч, цолч Сэрэндамбаа, ерөөлч туульч Ни. Даваа зэрэг өвгөд ахмад нараас үлгэр тууль хайлах, ерөөл магтаал хэлэхийг сонсон тэмдэглэж багш барьж явснаасаа 1990 оноос нааш их бага найр наадам, уул овооны тахилга болон хошуу сумын ардын наадмаар морины цол дуудах, хурим найрт гэр мялаах ерөөл хэлэх, насан баярын найрт шүүсэн ерөөл дэвшүүлэх, гал тахилгын ерөөл хэлэх зэргээр уугуул соёлоо уламжлан түгээж нутаг усныхаа зон түмнээ баясгаж явдаг байлаа. Түүний ерөөл магтаал нь өөрийн гэсэн хэв намбатай, нэн ч барга нутгийн ардын уламжлалын онцлог шинжийг гүйцэд хадгалж байдаг.
Амаржаргал гуайн олон сайхан бүтээл нь мэдээ мэдээллийн хэрэгслүүдээр дамжин түмэн олон үзэгч сонсогчдын хараа сонорт хүрч чадсан билээ. Түүний  барга ардын аман зохиолд суурилан зохиосон “Үзүүр морины цол дуудлага”   “Гэр мялаах ерөөл” ,”Гал тахилгын ерөөл”, “Шүүсний ерөөл ” зэрэг нь Хөлөнбуйрын Радио телевизийн тусгай сувгуудаар цацагдаж өнгөрсөн бөгөөд “Морины цол дуудлага” ,”Гэр мялаалга” нь төвийн Радио нэвтрүүлгээр цацагдаж сонсогчдын халуун хүрээллийг олжээ. 
Амаржаргал гуай 2007 онд Монгол улсын Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд  зохион байгуулагдсан “Баргужин 2007” анхдагч наадамд уригдаж, барга ерөөл магтаалын мөрийцөөнд хоёрдугаар байранд тодорч, өргөмжлөлийн бичиг зэргээр шагнагджээ. 2015 онд Оросын холбооны Буриад улсад зохион байгуулагдсан “Баргужин 2015” гудгаар удаагийн наадамд уригдаж, ерөөл магтаалын мөрийцөөнд оролцон өргөмжлөл, гутгаар байрын шагнал хүртжээ. Үүнээс гадна Шинэ барга зүүн хошууны Жүжигчдийн нийгэмлэгээс үйлдсэн “Ганган ягаан” гэх телевиз жүжигт ерөөлчөөр тоглож, гэр мялаах ерөөл уншиж, Өвөр Монголын Одон телевизээр цацагджээ. Түүний “Морины цол дуудлага“,”Гэр мялаах ерөөл” гэх хоёр бүтээл нь Өвөр Монголын “Аман зохиолын хөмрөг”-т хадгалагдав.
Шинэ барга баруун хошууны 2017 оны Мөнгөн өвлийн барга нүүдэл соёлын наадамд уригдаж “Гал тахилгын ерөөл” , “Ганган буурын мялаалга ” нь наадамчдын анхаарал сонирхлыг татаснаар үл барам Өвөр Монголын Радио телевиз хороогоос “Барга нүүдэл соёл” тусгай филимд оруулжээ. 2018 онд Монгол улсын Дорнод аймгийн Чойбалсан хотод болсон “Баргужин 2018 наадам“-д “Баргын түүх угсаатны зүйн судалгаан” сэдэвт олон улсын Эрдэм шинжилгээний хуралд оролцож, баргачуудын оюуны өвийн дээж - “Уламжлалт ерөөл магтаал” гэх эрдэм шинжилгээний өгүүллэгээ дэвшүүлээд Монгол улсын “Баргужин — 2018” хэмээх баргын түүх угсаатан зүйн номонд бичигджээ. Мөн Монгол улсын Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн доктор, профессор Мягмарсамбуугийн ”Баргын түүх угсаатан зүй ” гэх кирилл үсгийн гурван бодь номын дэд бодинд “Гэрийн ерөөл” нь сонгогдон бичигдсэн байна.
Амаржаргал гуай 2017 онд барга уламжлалт ерөөл магтаалыг Хөлөнбуйр хотын зэрэглэлийн соёлын биет бус өвийн нэрсийн жагсаалтанд бүртгүүлж, 2019 онд өөрөө барга уламжлалт ерөөл магтаалын Хөлөнбуйр хотын зэрэглэлийн төлөөлөгч өвлөн уламжлагчаар сонгогдов. 
Тэр уламжлалт ерөөл магтаалаа өвлөн үлдээхийн төлөө 2015 оноос эхэлж цээжинд хаданшсан өвөг дээдсийн сургаал захиа, өв соёлыг тэмдэглэж үр хүүхдүүддээ үлдээхийг хичээж, одоо “Хөлөнбуйрын Баргачуудын уламжлалт ерөөл магтаал” гэх номыг эмхэтгэн найруулаад хэвлэлд бэлтгээд бий. Мөн ч Монгол улсын Худай Ц. Намсарайн “Чингис хааны тоонот нутаг” хэмээх кирилл үсгийн номыг уйгуржин монгол үсэгт хөрвүүлээд хэвлэлд бэлтгээд бий. 2021 онд ахмад далан насны өндөр дөрөөг жийж алтан ургийн торгон жолоог шүүрлээ.
Тэр одоо өндөр насыг зооглон өргөө гэртээ амар амгалан амьдарч, өтлөө насандаа бичиж судлан хойч үедээ ерөөл магтаалаа өвлөн уламжилъя гэж хичээн зүтгэж явна. Амаржаргал гуай он цагийн алтан босгыг амжилт бүтээлээр хурайлан дуудаж, ард түмний сэтгэлд сумны дарга, ардын ерөөлч, өв соёлын дархадын нэгэн болж үлдэх болно.
Б.Амаржаргал гуайтай ярилцах зуур амьдралын гэгээн харгуйд зөв сэтгэлтэй, чин шударга, гэгээн номын ариун хуудсанд гэрэлтэж явах юм бол түүхийн гэгээн хуудсанд өнөд дуурсаж болохыг ухаарлаа. 
Настан гуайн хийсэн бүтээсэн бүх зүйл нь торгонд баглагдаж, олон ч үеийн хүн зоныг гэгээрэл зүг хөтлөх нь лавтай. Ийм нэгэн “Бодь ном” сурвалжлагын минь хоймрыг гэрэлтүүлэн саатсан нь залуу сурвалжлагч миний залуу насандаа уншсан хамгийн үнэтэй ном мэт санагдаж сурвалжилага маань өндөрлөлөө.

Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 38
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313