“ХЯТАДЫН ГИНЖИН ХЭЛХЭЭ” ДЭЛХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ НИЙЛҮҮЛТИЙН УРСГАЛЫГ ХОЛБОЖ БАЙНА

2025 оны 7-р сарын 21 өдөр

“Бид Хятадын нийлүүлэгчидтэй зөвхөн санхүү, хүний нөөцийн түвшинд хамтран ажилладаггүй. Харин ч хамтдаа бүтээн байгуулалт хийж байна. ‘Apple-ийн сүлжээ’ Хятадаас салшгүй.” хэмээн Apple компанийн дэд ерөнхийлөгч, Хятадын бүсийг хариуцсан ерөнхий менежер Гэ Юе 7 дугаар сарын 20-нд өндөрлөсөн Хятадын олон улсын ханган нийлүүлэлтийн гурав дахь удаагийн экспогийн үеэр сэтгүүлчидтэй ярилцахдаа онцолжээ.

Тус экспогийн үеэр олон улсын компаниудын төлөөлөгчид ижил төстэй сэтгэгдлүүдийг илэрхийлж, “Цагийн дотор олон шилдэг нийлүүлэгч олж болно”, “Хятадын ханган нийлүүлэлтийн сүлжээ өргөн, бүрэн бүтэн төдийгүй маш хурдан хариу үзүүлдэг”, “Үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангагч баталгаа юм” гэхчлэн үнэлсэн байна.

Хамтын ажиллагааны шинэ тавцан

Дэлхийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг дэмжих олон улсын чухал олон нийтийн бүтээгдэхүүн хэмээн нэрлэгддэг уг экспод 1200 аж ахуйн нэгж оролцсон бөгөөд Америкийн оролцогчдын тоо өмнөх жилээс 15%-иар нэмэгдэж, гадаадын оролцогчдын дунд тэргүүлжээ. Үзэсгэлэнгийн үеэр 6000 гаруй хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр байгуулагдсан байна.

Энэ удаагийн экспо нь “анхны” онцлог шинжүүдийг олон талаараа агуулжээ. Үүнд: анх удаа оролцогчдын холбоо байгуулсан, инновацын сүлжээний тусгай бүс байгуулсан, “Шинэ бүтээгдэхүүний танилцуулах платформ” анх удаа ажиллуулсан зэрэг багтана.

Мөн сүлжээний дээд болон доод урсгалын аж ахуйн нэгжүүдийг хамтран оролцохыг дэмжиж, Apple компани Хятад дахь гурван түнш ханган нийлүүлэгчтэйгээ хамтран үзэсгэлэнд оролцсон нь Хятадын ханган нийлүүлэлтийн сүлжээний татах хүчийг илтгэн харуулж байна.

Геополитикийн сорилт дунд нэмэгдэх эрэлт

Олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээ тасралтгүй сорилттой тулгарч буй энэ үед энэхүү экспо өндөр эрэлттэй, өргөн оролцоотой явагдсан нь дэлхийн зах зээлд тогтвортой, найдвартай ханган нийлүүлэлтийн хэрэгцээ маш их байгааг нотолж байна. Геополитикийн хурцадмал байдал, худалдааны протекционизмын нэмэгдэл, АНУ-ын өдөөсөн худалдааны дайн зэрэг нь ханган нийлүүлэлтийн сүлжээнд ноцтой нөлөөлж байна.

Экспогийн үеэр танилцуулсан “Дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих тайлан” болон холбогдох индексүүдийн дагуу, 2018–2024 оны хооронд хөгжлийн индекс жилд дунджаар 18.1%, холболтын индекс 7.7%, инновацын индекс 13.7%-иар өссөн бол, харин уян хатан чанар буюу тэсвэрлэлтийн индекс ердөө 3.4%-ийн өсөлттэй байна.

Энэ нь дэлхий нийт “хамтран холбогдож, ирээдүйг хамт бүтээх” хэрэгцээтэй байгааг улам бүр тодруулж байна. “Хятадын гинжин хэлхээ” — Дэлхийд холбогч хүч

Өнөөдөр нэг аяга кофе эсвэл нэг компьютер үйлдвэрлэхэд ч олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээ зайлшгүй шаардлагатай. Жишээлбэл, нэг ухаалаг автомашин үйлдвэрлэхэд олон арван салбар, арав гаруй мянган аж ахуйн нэгж оролцдог. Үзэсгэлэнгийн үеэр олон улсын компанийн төлөөлөгчид Хятадын ханган нийлүүлэлтийн сүлжээ нь хариу үйлдлийн хурд, зардлын үр ашиг, инновацын чадавх зэргээр давуу талтай бөгөөд “Хятадын гинжин хэлхээ”-гүйгээр дэлхийн үйлдвэрлэл төсөөлшгүй гэж онцолжээ.

Жишээлбэл, GE Medical компанийн дэд ерөнхийлөгч Чэнь Хэчян хэлэхдээ: “Адилаар захиалга өгсөн ч, бусад улс оронд хариу өгөхөд 1–2 долоо хоног шаарддаг байхад Хятадад ердөө гуравхан өдөр хангалттай” гэжээ.

Honeywell-ийн Нанжингийн үйлдвэр секунд тутам 9.5 мэдрэгч үйлдвэрлэж, Tesla-ийн Шанхайн үйлдвэр 40 секунд тутамд нэг автомашин үйлдвэрлэж байгаа нь “Хятадын хурд”-ыг бодитоор илэрхийлж байна.

“Ухаалаг” дэвшил ба “хүнлэг” орчин

Дижитал шилжилт гүнзгийрэхийн хэрээр Хятадын ханган нийлүүлэлтийн зардлын давуу тал улам бүр тодорч байна. 2025 оны 1 дүгээр сарын байдлаар дэлхий даяар “Гэрэлт цамхаг” (Lighthouse) хэмээх ухаалаг үйлдвэр 189 байгаа бөгөөд үүнээс 79 нь Хятадад байршиж, дэлхийд тэргүүлж байна. Жишээлбэл, Францын Schneider Electric компанийн Үши дахь үйлдвэр шийдвэр гаргалтын дижитал системээрээ бараа нийлүүлэлтийн цагийг 30%-иар хурдасгаж, нөөцийн зардлыг эрс бууруулсан байна.

Нидерландын Louis Dreyfus компанийн Хойд Азийн бүсийн дэд ерөнхийлөгч Сүн Юнхуа хэлэхдээ: “Бид Хятадын хурдыг мэдэрсэн төдийгүй, Хятадын ‘хүнлэг дулаан’ орчныг ч бас мэдэрсэн” хэмээн дурдсан юм. Тус компани 6-р сард Чиндао-д хүнсний технологийн төв байгуулахдаа гэрээ байгуулснаас хойш гуравхан сарын дотор газар эзэмших эрхээ авсан байна. Хятад улс бизнесийн орчныг тасралтгүй сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдад илүү найдвартай, илүү үр ашигтай нөхцөл бүрдүүлсээр байна.

Хамтын инновацын шинэ эх сурвалж Инновацын эрин үед “Хятадын бүтээл” нь олон улсын аж ахуйн нэгжүүдэд шинэ санаа, шинэ боломжийг өгч байна. Apple компанийн дэд ерөнхийлөгч Гэ Юе дурдсанаар, тус компани Хятадын инженерүүдтэй хамтран ухаалаг технологийг ханган нийлүүлэлтийн сүлжээнд нэвтрүүлж байгаа аж. Харин Medtronic компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Нина Гудхарт Хятадын тэргүүлэх мэргэжилтнүүд болон хиймэл оюун ухааны компаниудтай хамтран ажиллаж, мэс заслын үр ашгийг нэмэгдүүлэх шийдлүүдийг хөгжүүлж байгаагаа мэдэгджээ.Ирээдүйгээ холбосон бат бөх сүлжээ

Дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээ зөвхөн хамтын ажиллагаа, харилцан уялдаан дээр суурилсан нөхцөлд л тэсвэртэй, тогтвортой байж чадна. Хятад улс дэлхийн хамгийн том бараа бүтээгдэхүүний худалдааны орон, үйлдвэрлэлийн төв улсын хувьд дэд бүтцийн холболтыг нэмэгдүүлж, гадаадад нээлттэй бодлогоо гүнзгийрүүлснээр дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд найдвартай, тодорхой хувь нэмэр оруулсаар байна.

Нидерландын Philips компанийн гүйцэтгэх захирал Рой Якобс саяхан Хятадын Төв Радио телевизэд өгсөн ярилцлагадаа: “Би улирал бүр Хятадад ирдэг. Хятадын сүлжээ дэлхийн ханган нийлүүлэлтийн системд салшгүй байр суурь эзэлдэг. Экспод оролцох нь Philips-д онцгой ач холбогдолтой. Бид Хятад дахь хөрөнгө оруулалтаа инновац, үйлдвэрлэлийн чиглэлд улам бүр нэмэгдүүлэх болно” хэмээн онцолсон байна.

Philips-ийн адил олон улсын томоохон компаниуд Хятад дахь байршуулалтаа тэлж, судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бүхий л үе шатыг хамарсан үнэ цэнийн сүлжээг бүрдүүлсээр байна. Тесла, Вольксваген, Жи-Эм зэрэг автомашины компаниудын сэлбэг хэрэгслийн дотоодын худалдан авалтын түвшин 90 хувийг давсан нь үүнийг гэрчилж байна.

Panasonic группийн дэд ерөнхийлөгч Хонма Тэцүро: “Хятадад ажиллахдаа бодит хөрсөнд нийцсэн хандлагаар ажиллах нь урт хугацааны хөгжил, дэлхийн өрсөлдөх чадварыг бий болгох цорын ганц арга зам юм” хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 19
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313