
Одоогоос 17 жилийн өмнөх 2008 оны 8-р сарын 8-нд XXIX зуны олимпын наадам Бээжин хотноо түүхэн нээлтээ хийсэн билээ. “Нэг дэлхий, нэг мөрөөдөл” уриан дор дэлхийн 204 улс, бүс нутгаас 10 мянга гаруй тамирчин, дасгалжуулагчид цуглаж, спортын эрхэмсэг баярыг бүтээлцсэн тэр өдрөөс хойш 17 жил өнгөрчээ.
Бээжингийн олимп Монголчуудын хувьд зүгээр нэг спортын наадам биш, харин олон жилийн хүсэн хүлээсэн мөрөөдөл биелсэн мөч байлаа. Энэ наадмаар Монгол Улс анх удаа олимпын алтан медаль хүртсэн түүхэн амжилтыг бүтээв. Жүдо бөхийн 100 кг хүртэл жинд Н.Түвшинбаяр бахдам ялалт байгуулж, төрийн далбаагаа Олимпын тэнгэрт хамгийн өндөрт мандуулсан нь монгол түмний зүрх сэтгэлийг догдлуулсан билээ.
Мөн боксчин Э.Бадар-Ууган 54 кг жинд алтан медаль хүртэж, Монголын спортын түүхэнд хоёр дахь олимпын аварга төрсөн нь ард түмний баяр хөөрийг хоёр дахин нэмэв. Үүгээр зогсохгүй боксчин П.Сэрдамба мөнгөн медаль хүртэж, Монголын олимпын түүхэнд урьд өмнө байгаагүй амжилтыг авчирсан юм.
Харин зохион байгуулагч Хятад улс өөрийн олимпын түүхэнд шинэ хуудсыг нээв. Бээжингийн олимпын медалийн чансаанд Хятадын баг 51 алт, 21 мөнгө, 28 хүрэл нийт 100 медаль хүртэж, анх удаа дэлхийн тэргүүн байранд шалгарсан юм. Алтан медалийн тоогоор АНУ, Орос, Их Британи зэрэг спортын их гүрнүүдийг ардаа орхиж, эх орондоо болсон наадмыг бахархал, ялалтын түүх болгож чадсан.
Өнөөдөр, 17 жилийн дараа бид тэр үеийн бахдам мөчүүдийг дурсахдаа зөвхөн ялалтын баяраар зогсохгүй, түүний цаана байсан олон жилийн хөдөлмөр, тэсвэр хатуужил, эх орноо төлөөлөхийн үнэ цэнийг ч санах ёстой.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл