Д. ОЮУНЧИМЭГ: УР УХААНААС ҮНДЭСТНИЙ ӨВ СОЁЛ УЛАМЖЛАГДАНА

2025 оны 8-р сарын 15 өдөр

Д.Оюунчимэг: Ур ухаанаас үндэстний өв соёл уламжлагдана 

Эсгий бол нүүдэлчин үндэстний амьдралын салшгүй нэг хэрэгсэл мөн. Монголчуудын соёл, зан заншил, байгаль орчин, ертөнцийг үзэх үзэл бүгд эсгийд шингэсэн байдаг.
Монголчууд эрт дээдсээсээ эсгийгээ ариун нандин зүйл хэмээн үзэж, эсгий хийх, шинэ гэрээ барихдаа ерөөл хэлж, тодорхой зан үйлийг үйлдэж байжээ. Түүнчлэн гэрийн бүрээс, эргэнэгийн бүрээс, эсгий дэвсгэр, хурга ишигний уут, эсгий гутал хийх зэргээр эсгийг эртнээс амьдралдаа хэрэглэсээр мөн ч түүний ашиг шимийг нь хүртсээр ирсэн. Одоо ч гэсэн зарим орон нутагт шинэ бэрээ буулгахад эсгий дэвсэж буулгадаг, шинэ бэр, бэрээдүүдээ хүйтэн нойтноос сэргийлтүгэй хэмээн ширдэг бэлтгэж өгдөг. Энэ бүхэн нь эсгийн үнэ цэнийг таньсан нүүдэлчин ард түмний ур ухаан юм.
Хэдийгээр нийгэм хөгжихийг дагалдан эсгий нь хотын ихэнхи иргэдийн хэргэлгээнээс гарч, зарим хөдөө орон нутагт ч түгээмэл хэрэглэгдхээ больсон ч сүүлийн жилүүдээс эсгийг урлаг, гоо зүйн төвшинд урлаж эхэлснээс хойш эсгий гар урлалыг сурч сонирхож эхэлсэн хүмүүс олон болж, үүнийг түгээн дэлгэрүүлхэд ахмад үеийнхэн маань тулгуур хүчин нь болж, залуучууд багачууд ч урлаг, гоо мэдэрхүй, нийгэм соёлын үүргийн дагуу сонирхож урлаж эхлэн, эсгий гар урлалын бүтээл нь хот хөдөөнийх гэлтгүй айл гэрт чимэг болж, түмэн олон үнэ цэнийн улам нээнэ идэвхтэйгээр хөгжүүлж байна.
Энэ урын ундраа, ухааны мэдрэхүй шингэсэн үндэстэний соёлын үнэт өвийг тээж, уламжлан түгээн дэлгэрүүлхэд хүч нэмж яваа ахмадуудын нэг нь Шинэ барга баруун хошууны зэрэглэлийн биет бус соёлын өв(Барга эсгий урлал)тээгч, өвлөн уламжлагч Д.Оюунчимэг гуай юм.
Тэрээр Архашаат балгасын Баян-уул гацааны хүн. Одоо хошуун төв Алтан-эмээлд суурьшин амьдардаг. Д.Оюунчимэг гуай сул сэлүү цагаараа өөрийн сонирхдог дур бахтай эсгий урлалаа хийж, өв соёлоо уламжлан, өөрийгөө баясгаж, өдөр хоногийг утга төгөлдөр өнгөрүүлэн, буурал насааныхаа амар амгалан өдрүүдийг туулж яваа билээ.
“Буурлаас үг сонс, болсноос ам хүр” гэдэгчилэн сурвалжлагч би ахмад настантай зорьж очин биечилэн уулзан байж сурвалжлага авах юмсан гэж бодож байсан болхоор утсаар холбогдон учир байдлаа ярьж товлосон ёсоор бямба гараг Шинэ барга баруун хошуунд очиж ахмад настаны гэрт нь очиж уулзлаа.
 Д.Оюунчимэг гуай ч “Хөгшин намайг Хайлараас сурвалжлахаар иржээ” хэмээн намайг баярлан угтаж, данхтай цайгаа ойртуулан идээ цагаатай тавгаа засаад хүлээж байлаа. Тэгээд амттай цайг нь аягалан аягалан ууж, энэ удаагийн сурвалжлах ахмадынхаа тухай, эсгий урлалынхан тухай тухтайхан зоогоо эхлүүлсэн билээ.
Монголчууд охин үрээ “Үйлд уран, үгэнд цэцэн бол” гэж ерөөн бэлгэшээдгээр Оюунчимэг гуай багаасаа ээжийгээ даган шилбэ эмхэрдэн, оёдол үйлийн ажилд цагаарчээ.
Гэрийн гадна дотнохи аливаа ажилд гаршиж эрт томоожсон тэрээр 19 настайдаа насны хань Гантөмөртэйгээ ханилан сууж, голомтоо бадраах гурван хүүтэй болж, амьдралдаа мэрийн зүтгэж эхэлсэн.
— Тэр үеэс дээс томох, тэмээний ноос ээрэх, хялгас томж гэрийн бүслүүр хийх, гэрийн бүрээс бэлтгэн эсгэх, усанд явах, өглөө оройдоо үнээ саах, шөнө хот манах, цагаан идээгээ бэлтгэх, хоол цайгаа хийх зэргээр аливаа ажилд мунгинадаг байсан. Хуучин дэлгүүрт хувцас хунар ховор зардаг, цагаан сар болхоор хүний өөрийнх гэж ялгалгүй, гадар дотор хувцас гэж ялгалгүй бүгдэд нь шинэ дээл эсгэж оёж өгдөг байсан. Цагаан сарын бэлгэндээ утас зүүний иж бүрдэл авдаг байлаа. Одоо бодход намайг “утас зүүний эзэн болог” гэж бэлэгшээсэн байхаа хэмээн инээн ярина.
Одоо гурван хүүхэд нь бүгд нутаг усандаа өөдтэй өнгөтэй амьдарч бий.
— Та тэгээд хэзээ хошуундаа ирсэн юм бэ?
— Ач нар маань том болцгоож хойно хойноосоо сургуульд орж, тэд нарыгаа харж суухаар би 2005 онд хошуундаа ирсэн. Ач нараа харж харгалзах том үүргээ биелүүлчихээд, дур бахтай эсгий урлалаа хийж эхэлсэн гэж хэмээн хэллээ. Оюунчимэг гуай 2019 онд, Шинэ барга баруун хошууны Туяа багшийн эрхэлсэн эсгий гар урлалын дадлага сургалтад хамрагдаж, эсгий гар урлал хийх мэргэжлийг сурч, эсгий гар урлал хийж эхэлжээ.Үүнийхээ дараа, тэр Туяа багштай хамт “Баргын домогт ишгэн бөх” гэх том ширмэлийг урлав. Энэхүү олны оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн бүтээл нь Өвөр Монголын өөртөө засах орны гуравдугаар удаагийн Гар урлал, уран зургийн содон бүтээлийн үзэсгэлэнд оролцож олон бүтээлийн дундаас цолгорон, нэгдүгээр байрын шагнал хүртэв. Энэ нь түүнд ихдээ зориг хүч өгч, нэн олон хүмүүст эсгий гар урлалын ид шидийг уламжлан хөгжүүлэх эрч зоригийг хөвчилж өгчээ.
Оюунчимэг гуай урам зоригийнхоо эрчинд, оргилом халуун сэтгэлгээгээ өвөрлөн 2023 онд Монгол улсын Улаанбаатарт зохион байгуулсан Эсгий туургатны олон улсын эсгий гар урлалын сургалтад оролцож мэргэжлээ дээшлүүлэв. Үүний дагуу Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач, урлаг судлалын магистар С.Сарангийн зурсан Хүннүгийн ханын чимэглэл(хуулбар)-г авчирч дууриан зээглэн уралсан. Энэхүү Хүннүгийн ханын чимэглэл нь Монгол улсын Төв аймгийн Батсүмбэр сумын Хараа голын эхэндэх Ноён уулын булшнаас 1924 онд олдсон Хүннүгийн язгууртны булшнаас олсон олдвор болно. Эртний Хүннү гүрнээс өвлөгдөж ирсэн соёлын өвийн жижигрүүлсэн хуулбарыг зээглэж уралсан нь Оюунчимэг гуайн маш том мэргэжлийн ур чадвар эзэмшихэд нь дадлага болсон байлаа. Энэ бүтээл нь өмнөхөн Өвөр Монголын өөртөө засах орны дөрөвдүгээр удаагийн гар урлал уран зургийн содон бүтээлийн үзэсгэлэнд дэвшүүлэн дэлгэгдэж, олны харааг татсан шилдэг шагнал гардсан юм. 

Оюунчимэг гуай эсгий гар урлал, эсгий ширмэл хийхээс гадна бас хайчны уут, чагт, ном судрын баринтаг, хүүхдийн дээл гээд олон янзын гар урлалын бүтээл хийж байдаг. Түүний ХКН байгуулагдсан 100 жилийн ойд зориулан оёсон намын дууны үг нь гацаандаа хадгалагдаж байгаа.
— Миний ажил чинь ердөө гацаанаасаа гараагүй шүү гээд инээх нь  өөрийгөө дооголон ярьж байх шиг боловч энэ нь яг үнэндээ түүний сэтгэл санаа, ариун хөдөлмөр нь гацаа, олон түмэнтэйгээ уяатай байгаа нь илхэн байлаа.
 Залуудаа гацааныхаа Эвлэлийн үүрийн дарга, Эмэгтэйчүүдийн  эрхлэгч, Гацаан дарга, Намын даргын ажлыг хариуцаж, малчин түмэндээ үнэнчээр зүтгэж, мөн хошууны Ардын төлөөлөгч, Намын төлөөлөгчөөр сонгогдож, малчин түмнийхээ төлөө үг хэлж, малжих орны бүтээн байгуулалтад арга ухаан сүвэгчлэн гавшгайлан ажиллаж иржээ. Ханан дээр нь өлгөөтэй байх нүд гялалзуулам  “Ахмад эмэгтэйчүүдийн эрхлэгч”, “Шилдэг намын гишүүн”, “Хөдөлмөрийн жишээч”, “Түүхэт малчин”, “Хөлөнбуйрын өнгө гэрэлт төмөр хүүхэн”, “Уран бүсгүй”, “Уран гартан”, “Соёлын зүтгэлтэн” зэрэг олон шагнал хөхүүлэл, энгэрдэх медалиуд нь ахмад настаны туулж ирсэн амьдралын ул мөр, амжилт бүтээлийг нь өгүүлнэ.
—“Хөдөлбөл хөлс, зогсвол зоос” болсон цаг эринд, хүн надаар юм оёулж хийлгэе гэвэл би татгалзалгүй хийгээд өгчихдөг. Цагийг зугаатай өнгөрүүлчихнэ, хүнийг баярлуулчихна, өөрийгөө баясгачихна. Гоё л байна гэж ахмад маань ярина …
Ард түмэн бол жинхэнэ үндэстний өв соёлын өвлөн уламжлагч мөртөө үүдэн бүтээгч нь мөн.Оюунчимэг гуай ийнхүү эртнээс уламжилж ирсэн үнэт өв соёлоо уран гар, ухаан мэдрэхүйгээрээ залуу нэг үеийнхэн, үр хүүхэддээ уламжлан түгээн дэлгэрүүлж, түүний үнэ цэнийг нь таниулж, ашиг тусыг нь хүртээх гэж далан насыг давсан ч “Дуранд шаргүй” оролдсоор л явна.

Эх сурвалж:Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 3
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313