Хятадын дараагийн таван жилийн өндөр чанартай хөгжлийн төлөвлөгөөг тодорхойлсон чухал хурал
ХКН-ын XX сонгуулийн төв хорооны IV бүгд хурал дөрвөн өдрийн турш үргэлжилсний дараа 10-р сарын 23-нд Бээжин хотноо амжилттай өндөрлөлөө. Энэ удаагийн бүгд хурлын хамгийн чухал үр дүн нь дотоод, гадаадын анхаарлын төвд байсан "Арван тав дахь таван жилийн төлөвлөгөө”-ний тухай Хятадын Коммунист Намын Төв Хорооны санал》 (товчоор “Санал”)-ыг хэлэлцэн баталсан явдал байв.
10-р сарын 24-нд ХКН-ын Төв хороо хэвлэлийн бага хурал хийж, уг төлөвлөгөөний боловсруулалт, бодлогын гол зохицуулалтад оролцсон албаны төлөөлөгчид “Санал”-ын боловсруулах үйл явц болон Хятадын дараагийн таван жилийн өндөр чанартай хөгжлийн цогц зураглалыг танилцууллаа.
2035 оны зорилго ба “Арван тав дахь таван жилийн төлөвлөгөө”-ний онцгой байр суурь
ХКН-ын XX их хурлаар 2035 он гэхэд социалист орчин үеийн улсын үндсэн загварыг бүрэн хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд гурван таван жилийн төлөвлөгөөний хугацаа буюу 15 жилд энэхүү зорилтод хүрэх стратегийн хуваарь баталсан бөгөөд 2026–2030 оны “Арван тав дахь таван жилийн төлөвлөгөө”-ний үе нь энэхүү стратегийн залгамж ба шилжилтийн гол үе шат гэж тодорхойлогджээ.
Орчин үеийн аж үйлдвэрийн систем байгуулах — “Бодит эдийн засаг бол Хятад улсын тулгуур”
Хятадын Үндэсний хөгжил, өөрчлөлтийн хорооны дарга Жэн Шаньже хэлэхдээ, Хятадын эдийн засаг бодит үйлдвэрлэлд тулгуурлан хөгжиж ирсэн, ирээдүйд ч бодит эдийн засагт түшиглэн урагшилна. Орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоо бол орчин үеийн улсын материаллаг, технологийн үндэс юм гэжээ.
Тэрбээр уламжлалт салбаруудыг шинэчлэхийн зэрэгцээ шинэ эрчим хүч, шинэ материал, сансар судлал, нам өндөрт нислэгийн эдийн засаг зэрэг шинэ тулгуур салбаруудыг хөгжүүлж, ирээдүйн аж үйлдвэрүүдийн төлөвлөлтийг урьдчилан байгуулах бодлого баримтлахыг онцоллоо.
Жэн Шаньже нэмж хэлэхдээ, Ирэх арван жилд Хятад улсын өндөр технологийн салбарын шинэ бүтээн байгуулалт нь одоогийн аж үйлдвэрийн хоёр дахин хэмжээтэй тэнцэхүйц нэмэгдэл өсөлт авчирч, эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүчийг тасралтгүй бий болгоно гэв.
Инновац ба “шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин”
“Арван тав дахь таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятад улс шинжлэх ухаан, технологийн бие даасан байдлыг бүх талаар нэмэгдүүлж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлэх зорилт тавьжээ.
Үүнд дараах чиглэл багтана:
Анхны инновац болон түлхүүр технологийн сорилтыг даван туулах,
Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн инновацыг гүн уялдуулах,
Боловсрол–шинжлэх ухаан–хүний нөөцийн нэгдсэн хөгжлийг ахиулах,
“Хиймэл оюун ухаан +” үндэсний хөтөлбөрийг бүх салбарт хэрэгжүүлэх.
Эдгээр бодлого нь Хятадын эдийн засгийг улам бүр технологид суурилсан, өндөр бүтээмжтэй шинэ шатанд гаргах зорилготой.
Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжлийг урагшлуулах — “Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн гол тулгуур”
“Санал”-д зааснаар, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны орчин үеийн шинэчлэл нь Хятад маягийн орчин үеийн хөгжлийн бүхэл бүтэн системийн чанарыг илтгэх гол шалгуур, мөн нөхөх ёстой хамгийн том дутагдал гэж тодорхойлогджээ.
Үүний тулд, Хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариаланчидтай холбоотой ажлыг бүх намын ажлын тэргүүлэх чиглэл болгох, хот, хөдөөгийн уялдаа холбоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн хүчирхэг улсыг байгуулах ажлыг хурдасгах зорилт тавьсан байна.
Дотоод зах зээлийн чадавх ба гадаад нээлттэй бодлого
Хятад улс дотоодын асар том зах зээлийн давуу талаа бүрэн ашиглахын зэрэгцээ нээлттэй эдийн засгийн шинэ түвшинд хүрэх зорилготой байна.
Хэрэглээг дэмжих бодлогоо улам нарийвчилж, зах зээлийн саад тотгорыг арилган, 14 тэрбум хүн амын хэрэглээний зах зээлийг дэлхийн инновацын туршилтын бааз, дэлхийн хамтын боломжийн эх үүсвэр болгохыг зорьж байна.
Мөн гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын “найзын хүрээ”-г өргөжүүлж, “Бүс ба Зам”-ыг өндөр чанартай хэрэгжүүлэх бодлого баримтална.
“Хятад улсын эдийн засаг” ба “Хятад иргэдийн эдийн засаг”
Хятадын Худалдааны сайд Ван Вэньтао хэлэхдээ, Бид ДНБ-ийг л бус, харин үндэсний нийт орлого (GNI) болон иргэдийн амьжиргааг илүү чухал үзүүлэлт гэж үзэж байна. Хятад улс зөвхөн эдийн засгаа бус, хүнээ хөгжүүлэхийг зорьж байна гэв.
Тэрээр засгийн газрын хөрөнгө оруулалтыг нийгмийн халамж, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд илүү чиглүүлэхээ мэдэгдэв.
Мөн хүүхдийг төрж өсгөхөд ээлтэй нийгэм байгуулах, ахмад настны халамж оролцоог дэмжих, “ахмадуудад чиглэсэн эдийн засаг”-ийг хөгжүүлэх, бүх насныханд зориулсан урьдчилан сэргийлэх, эмнэлгийн, эрүүл мэндийн иж бүрэн үйлчилгээ бий болгох зорилт тавьжээ.
Үүний үр дүнд Хятадын хүн амын дундаж наслалт 2024 оны 79-өөс 80 орчим жилд хүрнэ гэж тооцоолж байна.
“Өөрийн ажлыг сайн хийх нь хамгийн том давуу тал”
Хятадын Коммунист Намын Төв Хорооны Санхүү, эдийн засгийн хорооны Тамгын газрын дэд дарга, Хөдөө аж ахуйн ажлын газар дарга Хань Вэньшөү хэлэхдээ, Хүмүүсийн хүлээлт, олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийн дунд хамгийн чухал зүйл бол өөрийн ажлыг сайн хийх, социалист тогтолцооны давуу тал, зах зээлийн цар хүрээ, үйлдвэрлэлийн бүрэн систем, хүний нөөцийн баялаг давуу талыг бүрэн ашиглах явдал юм гэжээ.
Тэрбээр цааш нь, өндөр чанартай хөгжлийг тууштай дэмжиж, гүн шинэчлэлийг хэрэгжүүлж, гадаад нээлттэй байдлыг өргөжүүлснээр Хятад улс гадаад орчны
тодорхой бус байдлыг дотоод хөгжлийн тогтвортой байдлаар тэнцвэржүүлнэ гэлээ.
“Арван тав дахь таван жилийн төлөвлөгөө” хэрхэн батлагдах вэ?
Таван жилийн дунд, урт хугацааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх нь ХКН-ын улс орныг засаглах, эдийн засаг нийгмийн хөгжлийг удирдах гол арга хэрэгсэл юм.
Төв хороо “Санал”-ыг дэвшүүлж, улс төр, эдийн засгийн гол чиг шугамыг тодорхойлно. Улмаар Төрийн зөвлөл “Арван тав дахь таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төсөл”-ийг боловсруулж, 2026 онд болох БХАТИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батална. Ийнхүү ХКН-ын бодлого, чиглэлийг төрийн бодит хууль, нийгмийн хамтын зорилт болгон хувиргах нь уламжлал болон тогтжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл
DORNODMEDIA.MN