Хятадын Олон Улсын Импортын Экспо -Нээлттэй зах зээл, инновац, хамтын хөгжил ...
Дэлхийн хамгийн том импортын үзэсгэлэн болох Хятадын Олон Улсын Импортын Экспо (ХОУИЭ) найм дахь жилдээ болж байна.
Дэлхий даяар худалдааны бодлогын тодорхойгүй байдал, нийлүүлэлтийн сүлжээний хямрал, геополитикийн өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед Шанхай хотноо нээгдсэн ХОУИЭ нь Хятадын эдийн засгийн нээлттэй байдал, хэрэглээний асар том зах зээл нь дэлхийн бизнесийн хувьд хамгийн том “тогтвортой байдлын эх үүсвэр” хэвээр байгааг батлан харуулж байна.
155 улс орон, бүс нутгаас 4,108 компани оролцож буй энэ жилийн экспо нь импортын экосистемийг шинэ түвшинд гаргаж, өндөр технологи, эмнэлгийн инноваци, цахим худалдааны шинэ кластеруудыг түлхүү танилцуулж буйгаараа онцлогтой.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян импортын экспог нээхдээ “ХОУИЭ бол дэлхийн улс орнуудыг Хятадын зах зээлд нэвтрүүлэх гарц, Хятадыг дэлхий дахинтай холбох чухал гүүр” гэж хэлээд, тус улс зах зээлээ илүү нээлттэй болгож, дэлхий дахинтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа илүү өргөжүүлэх хүсэл эрмэлзэлтэй буйг илэрхийлсэн юм.
Шинэ дээд амжилтууд
Энэ жилийн үзэсгэлэн 430 мянган м² талбайд зохион байгуулагдаж буйгаараа түүхэн дээд амжилт тогтоож байна.
Мөн дэлхийд тэргүүлэгч 500 компанийн жагсаалт болох “Fortune Global 500”-д багтдаг 290 компани уг экспод оролцож буй нь Хятадын зах зээлийн асар их боломж, тогтвортой байдалд дэлхий дахин ихээхэн итгэл хүлээлгэж буйн нэгэн нотолгоо юм.
ХОУИЭ-д оролцогчдын тоо жилээс жилд өсөж байна. Тухайлбал, "Бүс ба Зам" санаачилгын түнш 123 орноос экспод оролцогчдын тоо өмнөх оныхтой харьцуулахад 23 хувиар өссөн байна.
Мөн НҮБ-аас тодорхойлсон буурай хөгжилтэй орнуудын оролцоо өмнөх оныхоос 23.5 хувиар өсөн 163 болсон байна.
Түүнчлэн Африкаас оролцогчдын тоо 80 хувиар өссөн нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын зах зээлд тус тивийн улс орнуудын бизнес эрхлэгчид хөл тавих сонирхол эрчимжиж буйг илтгэн харуулж байна.
Импортыг дэмжих шинэ алхмууд
ХОУИЭ нь импортлогч компаниудад гааль, мэргэжлийн хяналт, нэг цэгийн онлайн болон офлайн үйлчилгээ үзүүлж, оюуны өмчийн хамгаалалтыг сайжруулж буйгаараа онцлог.
Энэ жил анх удаа Хил дамнасан цахим худалдааны тусгай бүс ажиллуулж, гадаад нийлүүлэгчдийг Хятадын онлайн худалдааны платформуудтай холбох шинэ боломжуудыг нээж өгчээ.
8 дахь удаагийн үзэсгэлэнд 461 шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи танилцуулж байгаа бөгөөд үүний талаас илүү хувь нь дэлхий дахинд анх удаагаа танилцуулагдаж байгаа аж.
Жишээлбэл, энэ жилийн экспогийн анагаах ухааны салбарын павильон “silver economy” буюу 50-аас дээш насныханд зориулсан инновац бүхий бараа бүтээгдэхүүнүүд, тухайлбал сэргээн засах тоног төхөөрөмж, ахмад настны асаргаа болон нойр дэмжих бүтээгдэхүүнүүдийг онцгойлон танилцуулж байна.
Мөн 2025 оныг “Жингийн менежментийн жил” болгон зарласантай холбогдуулан эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, спорттой холбоотой хэрэглээг дэмжих зорилго бүхий интерактив бүсийг энэ удаагийн экспо нь гаргасан байна.
Энэ бүхнээс үзэхэд, ХОУИЭ дэлхийн зах зээлийн чиг хандлагыг тодорхойлох, шинэ бүтээгдэхүүн, шинэ санаачилгуудыг танилцуулах хамгийн чухал талбар нэгэнт болсон нь харагдаж байна.
Хөрөнгө оруулалтын гүүр
ХОУИЭ нь зөвхөн үзэсгэлэн бус, дэлхийн хөрөнгө оруулалт, инновацийн урсгалыг эрчимжүүлэх, түншлэлийг өргөжүүлэх төв болоод байна.
Өнгөрсөн долоон жилийн хугацаанд уг экспогийн хүрээнд 3000 орчим шинэ бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээг танилцуулж, гадаадын 1100 гаруй аж ахуйн нэгж, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагуудад Хятадын өргөн уудам зах зээлд хөл тавьж, зорилтот үр дүндээ хүрэх боломжийг
олгосон байна. Мөн уг экспогийн хүрээнд 500 гаруй тэрбум ам.долларын орлого олсон болохыг статистик мэдээ харуулж байна.
Хятадын Худалдааны яамны мэдэгдсэнээр, тус улсад 2025 оны эхний гурван улиралд гадаадын хөрөнгө оруулалттай 48,921 шинэ компани бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.2 хувиар өссөн үзүүлэлт аж. 2021-2025 онд Хятад улс 700 гаруй тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт татжээ.
Импортын эдийн засгийг дэмжсэн бодлого, инновац төвтэй үзэсгэлэн, жижиг дунд бизнес болон хөгжиж буй орнуудад зориулсан бодит боломжууд нь ХОУИЭ бол дэлхий нийтийн хамтын хөгжлийн платформ, худалдаа, хөрөнгө оруулалт, олон улсын харилцааг нэг дор төвлөрүүлсэн стратегийн томоохон индэр болохыг ийнхүү гэрчилж байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN