Монгол анагаах ухааны салбарын ажилтнуудад зориулсан 2026 оны анхны сургалтын нээлтийн ёслол 5-р сарын 11-нд Өвөр Монголын Хөх хотод боллоо.
Энэхүү сургалт нь Хятад, Монгол хоёр улсын уламжлалт анагаах ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой бөгөөд “Бүс ба зам” санаачилга, “Эрүүл мэндийн торгоны зам”-ын хүрээнд хэрэгжиж буй бодит ажлуудын нэг юм.
Зохион байгуулагчдын зүгээс энэ удаагийн сургалтыг хоёр орны эрүүл мэндийн салбарын харилцааг гүнзгийрүүлэх, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, цаашлаад ард иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэж байгааг онцолж байна.
Сургалтыг Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын Гадаад хэргийн алба санаачлан, холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ. Хөтөлбөрийн хувьд онол, дадлага, хэлэлцүүлэг, судалгаа хосолсон модуль сургалтын хэлбэрээр явагдаж байгаагаараа онцлогтой.
Мөн сургалтын хүрээнд Монгол уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээний өвөрмөц арга барилыг системтэйгээр судалж, клиник болон сувилахуйн практикт нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа аж.
Монгол анагаах ухаан нь зөвхөн эмчилгээний арга төдийгүй хоёр орны ард түмнийг холбосон соёлын чухал өв гэдгийг оролцогчид онцолж байлаа.
Эх сурвалж: Solongo News, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN