2026 оны 5-р сарын 20-ны үдээс өмнө Ши Жиньпин БНХАУ-ын нийслэл Бээжин хот дахь Ардын их хурлын ордонд төрийн айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин-тэй албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний үеэр хоёр улсын төрийн тэргүүн “Хятад, Оросын сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-ний хугацааг сунгах асуудлаар санал нэгдсэн нь анхаарал татаж байна.
Ши Жиньпин онцлохдоо, энэ жил Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэл тогтоосны 30 жил, мөн уг гэрээ байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгааг дурдлаа. Тэрээр хоёр улс энэхүү гэрээгээр дамжуулан урт хугацааны сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааны бат бөх хууль эрх зүйн суурийг бүрдүүлж, харилцаагаа шинэ шатанд хүргэсэн гэж үнэлэв.
Мөн Хятад, Оросын харилцаа өнөөгийн өндөр түвшинд хүрсэн нь улс төрийн харилцан итгэлцэл, стратегийн хамтын ажиллагааг тууштай гүнзгийрүүлж, эдийн засаг, худалдаа, эрчим хүч, шинжлэх ухаан, технологи зэрэг олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлсний үр дүн гэдгийг онцолсон юм. Цаашид хоёр улс эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, инновац зэрэг чиглэлд бодит хамтын ажиллагааг эрчимжүүлж, өсөлтийн шинэ боломжуудыг бий болгохоор зорьж байгааг тэмдэглэлээ.
Түүнчлэн боловсрол, соёл, аялал жуулчлал, спорт зэрэг хүмүүнлэгийн салбарын солилцоог өргөжүүлж, НҮБ, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага, БРИКС, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг онцолсон байна.
Владимир Путин хэлэхдээ, хоёр улсын харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, улс төрийн итгэлцэл батжиж, худалдаа болон эрчим хүч, ложистик, технологийн салбарын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг тэмдэглэлээ. Мөн “Орос, Хятадын боловсролын жил”-ийг эхлүүлэхээр төлөвлөж байгааг дурдав.
Хэлэлцээний дараа хоёр улсын төрийн тэргүүн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, эдийн засаг, худалдаа, боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын 20 гаруй баримт бичгийг баталгаажуулсан байна. Мөн дэлхийн олон туйлт байдлыг дэмжих болон шинэ хэлбэрийн олон улсын харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргажээ.
Талууд уулзалтын төгсгөлд олон улсын болон бүс нутгийн чухал асуудлууд, тэр дундаа Ойрх Дорнодын нөхцөл байдлын талаар санал солилцож, хамтран ажиллах байр сууриа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: mongol.cri.cn
Хөлөнбуйр хотын хам зуучлуурын төв Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр
DORNODMEDIA.MN