Шинэ Барга баруун хошуунд малчдад зориулсан хадлангийн үйлчилгээг өргөжүүлж байна

2026 оны 9-р сарын 18 өдөр

Шинэ Барга баруун хошуу малчдын амьдралыг дэмжих үйлчилгээний багийн тогтолцоонд тулгуурлан, мэргэжлийн багуудыг зохион байгуулж, бүх гацаанд өвс хадлан бэлтгэх үйлчилгээг эрчимтэй явуулж байна. Ингэснээр мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, малчдын зардлыг бууруулах, өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг сайжруулах, мал сүргийг тэжээлээр хангах нөхцөлийг бүрдүүлж, мал аж ахуйн чанартай хөгжлийг дэмжиж байна.

Шинэ Барга баруун хошууны Хэрлэн сумын Цэцэглэл гацааны Малчдын амьдралыг дэмжих үйлчилгээний багийн гишүүн Сүн Чян хэлэхдээ:

“Манай Цэцэглэл гацааны Малчдын амьдралыг дэмжих үйлчилгээний баг наймдугаар сарын дунд үеэс намрын хадлангийн ажлаа эхлүүлсэн. Зарим малчин өрхөд ажиллах хүч дутагдалтай, шаардлагатай машин техник, тоног төхөөрөмж байдаггүй учраас өвс хадахад хүндрэлтэй байдаг. Ийм өрхүүдэд чиглэн хэсэгчилсэн байдлаар ажиллаж, одоогоор 10 малчин өрхийн 50 мянган мү (га) нутагт өвс хадаад байна.

Бид цаг агаарын байдлыг байнга ажиглаж, цаг агаар тогтуун, цэлмэг өдрүүдэд ажлаа эрчимжүүлэн, чанартай үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна. Ингэснээр малчдын ачааллыг бодитоор бууруулж, мал аж ахуйн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулна” гэжээ.

Тус үйлчилгээний баг хадлан хадах ажлыг зах зээлийн үнээс харьцангуй бага зардлаар гүйцэтгэж байгаа нь малчдын мал аж ахуйн үйлдвэрлэлийн өртгийг бууруулж, тэдэнд бодит үр өгөөж хүргэж байна.

Цэцэглэл гацааны Малчдын амьдралыг дэмжих үйлчилгээний баг 2023 онд байгуулагдсанаас хойш малчдын хэрэгцээ шаардлагад тулгуурлан төрөл бүрийн үйлчилгээг үзүүлж иржээ. Үүнд өвс, тэжээл тээвэрлэх, хонины ноос хяргах, пэн саравч цэвэрлэх, үхэр хонь тээвэрлэх, өвс хадах, өвс бухалдах, өвлийн улиралд цас цэвэрлэн зам гаргах зэрэг ажлууд багтдаг байна.

Шинэ Барга баруун хошууны Хэрлэн сумын Цэцэглэл гацааны Намын үүрийн дарга, гацааны зөвлөлийн эрхлэгч Ши Гуанде:

“Манай Малчдын амьдралыг дэмжих үйлчилгээний баг зөвхөн өөрийн гацааны малчдад үйлчлэхээс гадна бусад сум, тосгоны малчдад ч үйлчилгээ үзүүлдэг. Одоогоор хоёр өвс хадах анги нийт 110 мянга гаруй мү (га) бэлчээрт өвс хадаж байна. Өнгөрсөн жил нийт 280 мянга гаруй мү бэлчээрт өвс хадсан.

Өвс хадах ажил дууссаны дараа тээвэрлэлтийн ажил эхэлнэ. Цаашид өвс, тэжээлийг нэгдсэн байдлаар худалдан авч, нэгдсэн байдлаар борлуулах талаар цаашдын төлөвлөгөөг боловсруулж байна” гэж ярив.

Дараагийн шатанд Шинэ Барга баруун хошууны Хэрлэн сумын Цэцэглэл гацаа “гуравыг нэг цогцжуулах” хамтын ажиллагааны загварыг хэрэгжүүлж, нийтийн бэлчээр нутгийг түрээслүүлэх, малын үржлийг хөгжүүлэх зэрэг арга хэлбэрээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү үйл ажиллагааг “хоршооллыг тэргүүлэх чиглэл болгож, үйлчилгээгээр холбож, аж ахуйгаар дэмжин, малчдыг хамтдаа ашиг хүртэх” хөгжлийн загварт тулгуурлан хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж.

Үүний хүрээнд Цэцэглэл гацаа хамтын аж ахуйн орлогынхоо тодорхой хэсгийг малчдад ашиг хуваарилахад зарцуулж, үлдсэн хэсгээр нь өвс, тэжээл худалдан авч малчдад хуваарилахаар төлөвлөжээ. Ингэснээр хамтын аж ахуйн хөгжлөөс бий болсон үр өгөөжийг бүх малчдад хүртээж, малчдын амьжиргааг дэмжихийн зэрэгцээ мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах зорилт тавьж байна.

Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 5
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313