ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот дахь сурвалжилгын аяны “Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр” цуврал нийтлэл – Нэг
Намрын шаргал өнгө Хөлөнбуйрын тал нутгийг бүрхэж, салхинд өвсний толгой зөөлөн найгана. Энэ үеэр сурвалжилгын баг Эвенк хошууны Шинэхэн зүүн сумын Мөнгөнчулуу багийг зорилоо.
Тэнд бид Буриадын уламжлалт соёл, ахуй амьдралаа өвлөн хадгалж яваа Хөвтүүд халдайн удмын Балжиннямын Дариймаатай уулзсан юм. Түүний гэрт Буриад үндэсний хувцас, ахуйн эд зүйлс, гар урлалын бүтээлүүд нүдэнд тусаж, өв соёлоо хадгалан үлдээх хүсэл нь ярианаас нь тодхон мэдрэгдэж байлаа.
Дариймаа Буриад ардын дуугаа дуулахдаа:
“Оргилоо булгийн уснаас
Ундлахын төдийд буугаарай
Орны холыг зорив ч таа
Урьдын л эртийн ёс юм аа …”
хэмээн аялж, нутаг ус, өвөг дээдсээс уламжилж ирсэн дуу хуурынхаа үнэ цэнийг хуучилсан юм.
Удалгүй Галзууд халдайн Нямсрайн Гэлэгжамц Харгана багаас хүрэлцэн ирэв. Тэрбээр өмнө нь багийн даргаар ажиллаж байсан бөгөөд өдгөө Буриад эмээл урлаж, энэ уламжлалт гар урлалыг залуу үедээ зааж сургаж байна.
Гэлэгжамцын ярьснаар Буриад эмээл нь морины хондлойг үрж холгохгүй, унахад эвтэйхэн байдгаараа онцлог. Мөн эмээлийн олом, тохом зэрэгт уламжлалт хээ угалз хэрэглэдэг бөгөөд хос загасны хээ нь нүд нь хэзээ ч анидаггүй загасыг бэлгэдэж, сайн сайхныг ерөөдөг ажээ.
Тэрбээр Буриадын уламжлалт урлаг, ёс заншлыг хадгалан өвлүүлэх зорилгоор ажилладаг “Алтан бэхлэг” ардын урлагийн бүлгийн гишүүн юм.
“Алтан бэхлэг” бүлэг нь хошууны нам, засгийн газар болон соёлын байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулагдсан бөгөөд 10 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор 26 гишүүнтэй тус бүлгийнхэн Буриад ардын дуу, хуримын зан үйл, гар урлал, үндэсний хувцас, хоол хүнс, үлгэр домог, тууль зэрэг биет бус соёлын өвөө хадгалан хамгаалж, залуу үедээ уламжлуулахын төлөө сайн дураараа ажилладаг байна.
Дариймаа ч энэ үйлсийн нэгэн идэвхтэй оролцогч. Тэрбээр Имин голын эргээр алхахдаа Буриад ардын дуугаа аялж, багаасаа сонсож өссөн дуунуудаа цуглуулж, мартагдаж буй аялгууг сэргээхийг хичээдэг тухайгаа ярив.
“Би хөдөө гадаа хонь хариулж явахдаа ч, хүйтэн зэлэнд үнээ мал саахдаа ч дандаа ганцаараа дуулаад байдаг. Буриад ардын дууг бараг 200 гаруй бадаг мэднэ. Орны төв Хөххотод очиж Урлагийн сургуулийн сурагчдад мартагдаж удсан буриад ардын дуугаа зааж уламжилж байсан удаатай. Буриад ардын дуу сурч цуглуулах “хорхойтой”-г минь мэддэг болохоор найз нөхөд маань ч харсан, сонссон шинэ дуугаа над уруу илгээж өгдөг болсон гэж тэрбээр олзуурхан ярьж байлаа.”
Дариймаагийн гэрийн гадна эгнэн барьсан зургаан монгол гэр “Алтан бэхлэг” бүлгийнхний ажил, уран бүтээлийн гол талбар болжээ. Энд тэд уламжлалт хувцас урлах, гар урлал хийх, дуу хуураа сэргээн дуулах, ахмад үеийн мэдлэгийг залуу үедээ зааж сургах зэрэг олон ажлыг хийдэг байна.
Намрын бороо шивэрсэн өдөр Дариймаа өөрийн зохиосон шүлгээ уншлаа.
“Алтан нарны туяанд
Ариун Дайт налайна
Аав ээжийн буянд
Аян холыг тойров би.
Анандын өвөр нутагт минь
Алаг жигүүртэн тэнжинэ
Ачтай сайхан багш нар минь
Авьяасаараа манийг хүмүүжүүлнэ.”
Түүний хувьд дуу бол зөвхөн аялгуу бус, нутаг ус, өвөг дээдэс, амьдралын дурсамж, үндэстнийхээ түүхийг хадгалж үлдэх нэгэн хэлбэр ажээ. Нэгэн үе мартагдаж байсан дууг ахмад үеэсээ сонсож цээжилсэн тэрбээр одоо өөрөө залуу үедээ зааж, өвлүүлж байна.
Бид Дариймаатай салах ёс хийж, нутгийн замаар цааш явахдаа Буриадын нутаг, ард түмний түүхийг санагдуулах нэгэн шүлгийг эргэн саналаа.
“Алсаас сонордох
Аргамаг хөлгийн туурайн чимээ
Арван зууны тэртээх
Алдаж онож , гуньж бараалж явсан
Өвгөдийн минь буурал түүхийг шивнэнэ
Газар дэлхийгээс чамайгаа эрэхэд
Гурамсан тасарсан улаан зүрхний минь хэлтэрхий
Нүднээс минь мэлтгэнэсэн халуун нулимс
Ижлээ эрсэн нүүдлийн шувуудтай хамт
Намрын тэнгэрт замхарна.
Намартаа сэрүүн миний буриад,
Нарнаас ойрхон сэтгэлийн минь өлгий.”
Хөлөнбуйрын өргөн талд эгшиглэх Буриад ардын дуу, монгол гэрийн тооноор тусах намрын нар, ахмад үеэс залуу үед уламжлагдах гар урлал, ёс заншил бүхэн нэгэн утгыг өгүүлнэ. Энэ бол өвөг дээдсийн үлдээсэн өвийг мартахгүй хадгалж, дараагийн үедээ дамжуулахын төлөөх хүмүүсийн хичээл зүтгэл юм.
“Алтан бэхлэг”-ийнхэн дуулж, урлаж, зааж сургаж, өөрсдийн амьдралын хэв маягаар Буриадын уламжлалт соёлыг үргэлжлүүлсээр байна.
Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN